МАН-ын даргыг сонгох процесс ямар нэгэн хуулийн зөрчилгүй гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан мэдэгдлээ. Түүний хувьд МАН-ын Бага хурлын VIII хуралдааны Тооллогын комиссын даргаар ажилласан юм. Тэрбээр “МАН-ын Бага хурал өглөө 360 гаруй гишүүнтэйгээр эхлээд дундаасаа 15 хүний бүрэлдэхүүнтэй Тооллогын комиссыг байгуулсан. Комисс хуралдаад дотроосоо Тооллогын комиссын даргаа томилсон. Ингээд тооллогыг хэрхэн явуулах журмаа хэлэлцэн баталсан. Уг журмаа Бага хурлын гишүүдэд нийтэд нь танилцуулсан, бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн. Бүх цаг үед ингэж л явж ирсэн буюу МАН-ын Бага хурлаас Тооллогын комисс санал хураалтыг хэрхэн явуулах журмаа өөрсдөө баталдаг. Тооллогын комиссын ажлыг хүртэл намын дүрмээр нарийвчлан зохицуулах боломжгүй шүү дээ. Хэрхэн, ямар дэгээр, хэдэн үе шаттайгаар санал асуулга явуулах вэ гэдэг нь Тооллогын комиссын бүрэн эрхийн асуудал байдаг. Үүний дагуу Тооллогын комисс дотоодоо хуралдаж, журмаа батлаад Бага хурлынхаа гишүүдэд нийтэд нь танилцуулсан. Бага хурлаас энэ журмыг бүгд хүлээн зөвшөөрсөн. Үүний дагуу Бага хурлын VIII хуралдаанаар гурван санал асуулгыг явуулсан. Нэгдүгээрт, Бага хурлын гишүүнээр шинээр 49 хүнийг сонгосон. Энэ санал хураалтад 292 хүн оролцсон, үүнд ямар нэгэн маргаан гараагүй. Хоёрдугаарт, намын даргыг сонгох сонгуулийн анхны санал хураалтыг явуулсан. Намын дүрэмд “Бага хурлын гишүүдийн гуравны хоёрт хүрсэн хүн намын дарга болно” гэж заасан байдаг. Харин хоёр үе шаттай байх уу эсвэл тав байх уу гэдгийг Тооллогын комисс тухайн үедээ шийдээд явдаг. МАН үеийн үед ингэж л явж ирсэн Тиймээс Тооллогын комисс хуралдаад хоёр үе шаттайгаар явуулах нь зүйтэй юм байна гэж үзээд “Хэн нэг нь гуравны хоёрт хүрэхгүй бол хамгийн олон санал авсан хүн дээр дахин санал хураая” гэдэг шийдвэр гаргаад Бага хуралдаа танилцуулсан, бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн. Эхний санал хураалтад 442 хүн оролцсон. Бага хурлын анхны санал хураалтад 292 хүн ирж оролцсон шүү. Харин намын даргын санал асуулгад 442 хүн оролцсон. Тоо харьцангуй өссөн буюу маш олон хүн нэмж ирж оролцсон. Ингээд намын даргын эхний санал хураалтад оролцсон 442 хүнээс 56 хувь нь Д.Амарбаясгаланд, 43 хувь нь Г.Занданшатар нэр дэвшигчид саналаа өгсөн. Санал асуулгын дараа Г.Занданшатар дарга “Би энэ тооллогын дүнд итгэхгүй байна, гараар дахин тоолъё” гэсэн. Үүний дагуу Тооллогын комисс Бага хурлын тайзан дээр, бүх гишүүдийн нүдэн дээр саналын хуудсыг дэлгэж байгаад гараар дахин тоолсон, хар машины дүнтэй яг мөргөсөн. Ингэж гараар тоолсноор баталсан журмынхаа дагуу дараачийн санал хураалтыг явуулах болоход нөхдүүд “Хүлээн зөвшөөрхгүй” гээд гараад явсан. Гэтэл Тооллогын комисс бүх хүсэлтийг нь биелүүлсэн. Гараар тоолох саналыг нь хүлээн зөвшөөрсөн. Өөрсдөө бүгдээрээ сууж байгаад Тооллогын комиссоос гаргасан гаргасан журмыг баталсан, бид энэ журмын дагуу л ажилласан. “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэдэг шиг ялагдчихаараа “Хүлээн зөвшөөрөхгүй” гэж болохгүй. Гэсэн ч бид Бага хурлын бүх гишүүдээр хэлэлцүүлж баталсан журмынхаа дагуу хоёрдугаар шатны санал асуулгаа явуулсан. Хүмүүс орж гараад тоо хэлбэлзэж байсан учраас хурал даргалагч тухай бүр нь ирцээ тодотгож явсан. Үүний дагуу тоог дахин баталгаажуулахад хоёрдугаар шатны санал хураалтад 321 хүн ирцэд орсон. Ингээд 85.97 хувиар нэр дэвшигч Д.Амарбаясгалан ялалт байгуулсан. 275 хүн түүнд саналаа өгсөн. 46 хүн дэмжээгүй, тэгэхээр хоёр дахь шатны санал хураалтад өөр өөр байр суурьтай хүмүүс оролцсон байгаа биз. Бид баталсан журмынхаа дагуу саналаа тоолж, хурлаа дуусгасан. Бүх нэр дэвшигчийн хүсэлтийг хангасан. Ямар нэгэн будилаан байхгүй, намын дүрмийн дагуу Бага хурлыг зохион байгуулсан. Зарим нэг хүнд үр дүн таалагдахгүй байж болно, гэлээ гээд бүгдийг харлуулж, үгүйсгэж болохгүй” гэлээ. Намын даргыг сонгох санал хураалтад ирц буурсан нь олон шалтгаантайг тэрбээр тодотгосон. Учир нь үүрээр санал хураалт таарсан учраас хүний тоо цөөрөх шалтгаан болсон төдийгүй УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Б.Жавхлан нарын хувьд Дархан, Сэлэнгийн Бага хурлын гишүүдийг дагуулан гарч явсан зэргээс ирц буурсныг хэллээ.