Нүүр хуудасМэдээЖ.Батзандан: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллатал тэмцэнэ

Ж.Батзандан: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллатал тэмцэнэ

Эрүүдэн шүүгдсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах Хүний эрхийн үндэсний комисс, ОУ-ын парламентын холбоо, Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт санал дүгнэлт гаргах УИХ-ын хорооны тогтоол гарсан. Энэ асуудлаар өнөөдөр ШИНЭ намын дарга Б.Батзандан, Л.Болд нар Улсын Ерөнхий прокуророос Улсын Дээд шүүхэд эсэргүүцэл бичих өмгөөлөгчдийн хүсэлтийн хариуг шаардлаа.

Энэ үеэр ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан дараах тайлбарыг өглөө.

Ж.Батзандан: “Олон улсын байгууллагууд, дотоодын хүний эрхийн байгууллагууд УИХ-ын Түр хороо Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж ял тулгасан гэх дүгнэлт шийдвэрээ гаргачихлаа. Энэ нь шинээр илэрсэн нөхцөл байдалд орж байна. Тухайн үед гурван шатны шүүх шийдвэр гаргахдаа “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн прокурор, шүүх, тагнуулын байгууллагуудын хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэлгүй байсан” гэж бидэнд хэлж байгаа. Тэгвэл нотлох баримтуудыг бүгдийг нь гаргаж өглөө. ОУ-ын байгууллага, дотоодын хүний эрхийн байгууллагууд дүгнэлтүүдээ гаргачихлаа. Одоо прокурор дүгнэлтээ Улсын Дээд шүүх рүү явуулах ёстой. Шинээр илэрсэн нөхцөл байдлын хүрээнд гурван шатны шүүхийн хүрээнд гаргасан шийдвэрийг хүчингүй болгож хэргийг сэргээн шалгах зайлшгүй шаардлага үүссэн гэж бид үзэж байна. Шинээр үүссэн дөрвөн нөхцөл байдаг. Үүний гурав нь хангагдаж байна. Нэгдүгээрт, хуулийг буруу хэрэглэсэн, хоёрдугаарт гэрч нь мэдүүлгээсээ буцсан буюу худал мэдүүлэг дээр үндэслэн шийдвэр гаргасан. Энэ нь хожим илэрсэн бол үүнийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж прокурор дүгнэлт бичиж Улсын Дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралдаанаар авч хэлэлцдэг журамтай. Т.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцчихлаа. Хүний эрхийн бүх байгууллагууд дүгнэлтээ гаргачихлаа, шинээр илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллахыг бид шаардаж байна. Хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцааж сэргээн шалгах шаардлагатай нөхцөл байдал үүссэн. Улсын ерөнхий прокурорын гурван том прокурор солигдоод зургаа долоон сар болж байна. Энэ хугацаанд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Бадамжунай нарыг гадагшаа зугтаалгаж гаргасан. Авилга, хулгай, оффшорын бүх том хэрэгтнүүд гадагшаа зугтаж, далайн эрэг тарвалзаж байна. Ардын хүүхдүүд шоронд хоригдож, яргалал тамлалын дор зовж байна. Ийм шударга ёс гэж байдаггүй юм. Өнөөдөр Б.Жаргалсайхан, М.Чинбат, С.Алиманцэцэг нарын прокурорт бид шаардлагаа хүргүүллээ. “Зургаан сар бид та нарыг харлаа, одоо ажлаа хий, чадахгүй бол ард түмэнтэй нүүр тулна” гэдгийг санууллаа. Хэрэв Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахгүй бол  ардын хүүхдүүдийг яргалдаг, тамладаг байдлыг үргэлжлүүлэх юм бол ШИНЭ намынхан Л.Болд, Ж.Батзандан хоёр гудамжинд гарч тэмцэнэ гэдгээ албан ёсоор зарлаж байна” гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН