Банкны зээл өнгөрсөн хагас жилд 30 хувиар өсөж, хэт халалттай байлаа. Ялангуяа бизнесийн зээл 60 хувиар өсжээ. Салбарын хэмжээнд чанаргүй зээлийн хэмжээ 5.9 хувьд хүрсэн нь сүүлийн 10-аад жилийн доод түвшинд очоод байна. Үнийн өсөлт удааширч, төгрөгийн ханш чангарснаар иргэдийн төгрөгөөр хадгалуулах сонирхол нэмэгджээ.
“УИХ-ын сонгуульд ялсан намын мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг бууруулах, төсвийн зардлыг ДНБ-ий 25 хувиас хэтрүүлэхгүй байх, ногдол ашгаас давхар татвар авахгүй байх зэрэг бизнесийн орчныг сайжруулах онц ач холбогдолтой заалтуудыг хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаагүй байгаа нь харамсалтай байна.”гэж Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар хэллээ. Мөн төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн заалт байгаа боловч үүнийгээ хэрэгжүүлэхгүй байгаа юм. Тухайлбал, Төрийн банкийг яаралтай хувьчлах шаардлагатай байна.
Энэ хөтөлбөрт ирэх дөрвөн жилд хувийн хэвшлээс дангаараа дор хаяж 35 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл, банкны салбарын жилд шинээр олгосон нийт зээлийн хэмжээтэй адил байгаа юм. Иймд, Засгийн газартай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хууль эрхзүйн шинэчлэлт хийх гэсэн хоёр чиглэлд хамтарч ажиллахаар байна.
Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд:
- Хамтарсан зээлийн хөтөлбөрт тогтвортой санхүүжилтийн шалгуур тавих;
- Хөтөлбөрийн чанаргүй зээлийг төлүүлэхэд гарах нэмэлт зардлыг хянаж, эрсдэл хуваалцах тогтолцоог бүрдүүлэх;
- Төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ татаасыг ил тод болгож, зарлах;
Хууль, эрх зүйн шинэчлэлтийн хүрээнд:
- Зээлтэй холбоотой шүүхийн маргааны шийдвэрлэх хугацааг богиносгож, зардлыг бууруулах;
- Шүүхийн бус журмаар муу зээлийг шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх зэрэг юм.
Нүүрсний экспортын орлого нэмэгдсэж, төсвийн тэнцэл эхний хагас жилд 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарсан нь Засгийн газрыг төсвөө тодотгож, зардлаа нэмэхэд нөлөөллөө. Энэ таатай байдал нь цаашид хэвээр үргэлжлэх хүлээлттэйгээр ирэх жилүүдэд зардлыг нэмэгдүүлэхээр төсвийн төлөвлөгөөнд тусгажээ. Гэхдээ “Зуны цаг зургаа биш” гэдгийг санаж “Засгийн газар нүүрсний экспортын орлого буурч, төсвийн орлого тасрахад эдийн засагт гарч болох сөрөг үр дагавруудыг тооцож ажиллах нь чухал байна.” гэж Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг хэлэв. Түүнчлэн, төсвийг их тэлж байгаа нь хүү бууруулах орчныг хязгаарлаж байна гэдгийг онцоллоо.