Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/2020.04.08/ болж байна. Хуралдаанаар Тавантолгойн цахилгаан станцыг барих хөрөнгийг шийджээ.
Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн дэлгэрүүлж мэдээлсэн юм. Тэрбээр:
Станцаас гадна шугам сүлжээ, ус гээд бүх юмыг нь оруулаад 560-600 сая ам.доллар болно гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ нь “Оюу толгой” компанийн санал болгож байгаагаас 30% бага үнээр, цахилгааны эрчим хүчний өртөг нь 50% хямд байхаар байгаа.
Хөрөнгө оруулалтаа станц бариад ашиглалтад орсноор таван жилийн дотор нөхнө. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т ОТ компани ашиглалтад орсноос хойш 4 жилийн дотор Монгол Улсаас эрчим хүчээ авах заалт байдаг. Харамсалтай нь хэрэгжихгүй байгаа. Хоёр жилийн өмнө байгуулсан гэрээнд ч байгаа. Мөн л хэрэгжихгүй байна.
2019 онд ОТ Монгол Улсаас эрчим хүчээ авах байсан боловч аваагүй. Бид 330 кВт-ын шугам татаж өгсөн. 220-ын дэд станцтай нь холбох гэсэн боловч одоо хүртэл холбоогүй байна. Бид шугамаа татсан. Дэд бүтцээ бий болгосон. Энэ станц ашиглалтад ороход гол хэрэглэгч нь Оюутолгой байх ёстой. ОТ 170-200 сая долларыг жил бүр импортын эрчим хүчинд төлж байгаа. Энэ төлбөрөөр тооцоход богино хугацаанд станцын зардлыг нөхөх боломжтой. Ийм станцыг төрийн санхүүжилтээр барьж байгуулахаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шийдлээ. Ингэснээр ОТ-н бүтээн байгуулалтад импортолж байгаа тэр мөнгийг 2024 оноос хэмнэх боломж бүрдэх юм гэлээ.