Нүүр хуудасМэдээЗГХХГ: Монгол улсад бодлогын үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх Олон улсын хамтарсан үнэлгээ хийнэ

ЗГХХГ: Монгол улсад бодлогын үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх Олон улсын хамтарсан үнэлгээ хийнэ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа, хараат бус Хөгжлийн үнэлгээний байгууллага (Deval)-ын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Бодлогын үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хамтарсан үнэлгээ”-г хийж эхлүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд 2 талын хамтарсан цахим уулзалтыг 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д.Үүрийнтуяа, ахлах референт Д.Цэцэгмаа, М.Баярмаа, Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Баясгалан, ахлах шинжээч Н.Тамир нар, Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEVal)-аас Үнэлгээний багийн ахлагч Сара Дезири Клэйр, Үнэлгээчин Сабине Палмрoитер, Дирк Хоффман нар оролцсон юм.

Цахим уулзалтаар хамтарсан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэж, 2025 оны 9-р сарын 08-ны өдөр Үнэлгээчин Сабине Палмрoитер, Дирк Хоффман нар Монголд хүрэлцэн ирж хөгжлийн бодлогын хамтарсан үнэлгээг албан ёсоор эхлүүлэхээр тохиролцлоо.

Энэхүү үнэлгээ хийх үйл ажиллагаа нь суралцагчдыг үнэлгээний бодит үйл явцад шууд оролцуулж, онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх замаар сургах бөгөөд ингэснээр тэдний мэдлэг, ур чадвар, үнэлгээ хийх чадавхыг бодит нөхцөлд суурилсан, хэрэглээний түвшинд хөгжүүлэх боломжийг бүрдүүлдэг “суралцан гүйцэтгэх” зарчимд тулгуурлаж хэрэгжинэ.

Үнэлгээ нь төлөвлөлт, дизайн боловсруулах сургалт-семинараар 2025 оны 9 дүгээр сарын 10, 11 өдрүүдэд эхлэх ба семинарын гол зорилго нь үнэлгээний зорилго, гол асуултуудыг тодорхойлох, үнэлгээнд оролцогчдын үүрэг, хариуцлагын зураглал гаргаж, үнэлгээний ажлын цар хүрээг тогтооход чиглэнэ. Уг семинарт үнэлгээний үйл явцад бодитоор оролцох Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын албан хаагчид болон бодлого хэрэгжүүлэгч холбогдох яамдын төлөөллийг хамруулна.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад бодлогын үнэлгээний арга, аргачлалыг системтэйгээр төлөвшүүлж, төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ төрийн албан хаагчдыг ирээдүйд бие даан үнэлгээ хийх ур чадварт суралцах, бодит туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлсэн чухал алхам болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН