Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн даатгалын сангийн өр, төлбөрийн шалтгаан, нөхцөлийг судалж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, цаашид тус сангийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Тус ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Бямбацогт ахалж байна.

Өнөөдөр (2025.09.03) Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийн шалтгаан, нөхцөлийг судалж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгах хийх дэд ажлын хэсгийн хурал зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар дэд ажлын хэсгийн санал дүгнэлтийг 2025 оны 9 дүгээр сарын 12-ны дотор ажлын хэсэгт танилцуулахыг үүрэг болголоо.
Мөн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл бүхий 18 хүний бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтын баг 2025 оны 9 дүгээр сарын 24-нөөс албан ёсоор хяналт шалгалтын ажлыг эхлүүлэхээр боллоо.

Сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа олон нийтэд шүүмжлэл дагуулж байгаа. Тухайлбал:
-Эрүүл мэндийн байгууллагуудад төлөгдөх санхүүжилт удааширч, өр төлбөрийн хэмжээ нэмэгдсэн;
-Даатгуулагч иргэдэд очих ёстой тусламж үйлчилгээ бүрэн хүрч чадахгүй байгаа;

-Сангийн зарцуулалт, гэрээний ил тод байдал хангалтгүй гэсэн шүүмжлэлүүд гарч байна.
Эдгээр асуудлыг цогцоор нь судалж, цаашид сангийн тогтвортой байдал, үр ашгийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготойгоор Засгийн газраас уг ажлын хэсгийг байгуулсан юм.
