Нүүр хуудасМэдээЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике...

ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике Манало бараалхав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало 2024 оны наймдугаар сарын 05-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхлаа.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн орон болох Бүгд Найрамдах Филиппин Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдол өгдгийг тэмдэглэв.

Гадаад хэргийн сайд Энрике А.Манало Филиппин Улсын Засгийн газраас гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулахад зориулж Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй Филиппиний төр, засаг, ард иргэдэд талархал илэрхийлж, цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулахад хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийлэв.  

Түүнчлэн талууд Монголын хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн англи хэлний багш нарыг бүсчилсэн байдлаар Филиппин Улсад бэлтгэх, чадавхыг бэхжүүлэх, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, Филиппин Улсаас боловсрол, аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг салбарт ажиллах хүч авах чиглэлд хамтран ажиллах талаар ярилцлаа.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болон “Welcome to Mongolia” аялал жуулчлалын бодлогын талаар дурдаж, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тууштай бөгөөд амжилттай хэрэгжүүлж буй Филиппин Улсаас туршлага судалж, хамтран ажиллах, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэдийн солилцоог эрчимжүүлэх, уг салбарт бизнес хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэхийн чухлыг мөн онцлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН