Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (YEP) төслийг БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөдөлмөрийн байгууллага 30 сарын хугацаанд манай улсад хэрэгжүүлэхээр зорьж байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний агентлагийн төлөөлөгч нартай Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж, хэлтсийн дарга Ц.Баярмаа нар уулзаж санал солилцлоо.

YEP төслийн зорилго нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлуудад дүн шинжилгээ хийж, хүний нөөцийн бодлого, бүтээмж, ажлын байрны менежментийг сайжруулах арга хэрэгслийг түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Төслийг ноос ноолуур болон зочлох үйлчилгээний салбарт туршин хэрэгжүүлэх бөгөөд эдгээр салбарууд нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Төсөлд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагууд, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын Хөнгөн үйлдвэрийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагууд, сонгогдсон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний агентлаг (KLES), БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн үйлчилгээний агентлаг (KEIS)-тай хамтран ажиллана.
YEP төсөл нь Засгийн газар, нийгмийн түншлэгч талуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, залуучуудын хөдөлмөрийн нөхцөл, бүтээмжийг урт хугацаанд тогтвортой сайжруулахыг зорьж байгаа юм. Төслийн хүрээнд нотолгоонд суурилсан бодлого, шийдлийг тодорхойлж, залуу ажилтны идэвх санаачилга, оролцоог дэмжиж, ажлын байрны менежментийг сайжруулах сургалтуудыг зохион байгуулна.
