Нүүр хуудасМэдээЗГ: ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ

ЗГ: ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо

“Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-д өөрчлөлт оруулж, “30 хувиар” гэснийг “40 хувиар” гэж өөрчилжээ. Тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах юм. 

Сүүлийн жилүүдэд манай улсад тохиолдох гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж нэмэгдсэнээр нэг алба хаагчид ногдох ажлын ачаалал эрс өсжээ. 

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг дээшлүүлэх, албандаа итгэх итгэл, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиар тооцож, сар бүр олгохоор тогтоолд тусгажээ. 

Улсын хэмжээнд 2020-2025 оны байдлаар нийт 25095 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсоны улмаас 3422 хүний амь нас эрсдэж, 8.2 сая гаруй толгой мал хорогдон, 12286 гэр, орон сууц барилга эвдэрч 30,7 сая га талбай түймэрт өртжээ. Аврах ажиллагаанд нийт 232045 хүн 53092 техниктэйгээр ажиллаж 140 тэрбум төгрөг зарцуулж, гамшиг, ослын улмаас нийт 11 их наяд 271 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид сүүлийн таван жилд 33.3 мянга гаруй иргэний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 1.4 их наяд төгрөгийн эд хөрөнгийг гамшиг осол, аюулт үзэгдлээс авран хамгаалсан байна.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ

Засгийн газрын “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2025 оны долоодугаар сарын 23-ны 29 дүгээр тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан байгууллага болгоход холбогдох судалгаа хийхийг үүрэг болгосон. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байна.  Иймд хууль эрх зүйн орчин бүрдэх хүртэл Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүлэхээр шийдвэрлэлээ. 

Мөн Цагдаагийн төв байгууллагын харьяа алба болох “Мөрдөн байцаах алба”-ны нэрийг “Мөрдөн шалгах алба”, “Хэрэг бүртгэх алба”-ны нэрийг “Гэмт хэрэг, зөрчил шалгах алба” гэж өөрчилллөө. 

Улсын хэмжээнд 2021-2025 оны эхний хагас жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 1021 гэмт хэрэгт 987 иргэн холбогджээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 112 гэмт хэрэг бүртгэгдэж, 97 иргэн яллагдагчаар шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 хувиар өссөн байна.

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 51 хувийг 13-25 насны хүүхэд, залуучууд эзэлж байна.

Тарваган тахал өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээнд шаардлагатай зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана

Хөвсгөл аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний дэгдэлтийн нөхцөл байдал, авч  хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцууллаа. Дэгдэлтийн үед хариу арга хэмжээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, хүний нөөц бүрдүүлэх, бэлэн байдлаа ханган ажиллах, хариу арга хэмжээнд шаардлагатай зардлыг сайдын багцаас санхүүжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгалаа.

Тарваган тахал өвчний хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг ханган оношилгоо, эмчилгээний чадавхыг сайжруулж, авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд тавьж буй хяналтыг чангатгаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. 

Хөвсгөл аймагт 2025 оны есдүгээр сарын 09-ний 20:00 цагийн байдлаар гурван тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул биологийн шинжилгээгээр эерэг гарч, нэг хүн нас барж, хоёр хүний биеийн байдал дунд зэрэг байна. 

Батлагдсан гурван тохиолдлын нэгдүгээр хавьтлын 104 хүний  56 нь эмнэлэгт, 46 нь гэртээ тусгаарлагдаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН