Нүүр хуудасМэдээЗээлийн хүү бууруулах стратегийн хэрэгжилт хангалтгүй байна

Зээлийн хүү бууруулах стратегийн хэрэгжилт хангалтгүй байна

Банкны салбарын үзүүлэлт өнгөрсөн 2023 онд тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар нэмэгджээ. Эдийн засгийн салбаруудыг дэмжиж ирсэн банкны зээлийн өсөлт үргэлжилсээр байна. Ялангуяа, бизнесийн зээл 27 хувиар нэмэгдсэн бөгөөд зээлийн өсөлтийг дагаад салбарын хэмжээнд чанаргүй зээл 7.5 хувь болж буурсан зэрэг эерэг үзүүлэлттэй байлаа.

Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар зээлийн дундаж хүү 16.7 хувьтай байсан нь Улсын Их Хурлаас баталсан “Зээлийн хүү бууруулах стратеги 2020-2023”-ын хүрээнд хүүгийн түвшин ердөө 0.6 нэгж хувиар буурсан, хэрэгжилт хангалтгүй байна гэдгийг Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар шүүмжиллээ. Уг стратегийн хүрээнд,

1.Зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах, макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх,

2.Зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах,

3.Банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах,

4.Хөрөнгийн захыг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах гэсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 47 дэд арга хэмжээг хэрэгжүүлж, 2023 оны жилийн эцэст зээлийн хүүг сарын 1 хувь буюу жилийн 12 хувьд оруулах зорилт тавьж байв. 

УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангахын тулд, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг хэрэгжүүлэгч байгууллагууд зээлийн хүүг бууруулах суурь нөхцөлийг хангах чиглэлд банкны эх үүсвэрийн болон үйл ажиллагааны зардлыг бууруулах, зээлтэй холбоотой хэрэг маргааныг шүүхээр зардал багатай шийдвэрлэх, дампуурлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг энэ жилдээ багтан хэрэгжүүлэх шаардлагатай.

Системийн таван банк IPO (Initial public offering) хийснээр, олон нийтээс 450 гаруй тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн нь хөрөнгийн зах зээлийн багтаамжийг гурав дахин нэмж, хөрөнгийн захын чадавхыг шавхсан. Ийнхүү банкууд 70 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй болж, нийт 443 тэрбум төгрөгийн ноогдол ашиг хуваарилна. Банкны тухай хуулийн дагуу дахин 2.2 их наяд төгрөгийн хөрөнгийг шинээр татах замаар банкны хувьцаа эзэмшлийн 20 хувийн хязгаарыг хангах шаардлага тулгарч байгаа ч зах зээлийн бодит багтаамж одоогоор алга байгаа учраас хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгах шаардлага тулгарч байна. Өнгөрсөн онд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэнтэй холбоотой төсвийн орлого нэмэгдэж, төсвийн тэнцэл ашигтай гарсан. Манай улсад уул уурхайн бус салбар тэр дундаа барилга, боловсруулах болон хөдөө аж ахуйг дэмжих чиглэлээр дэд бүтцийн ажлуудыг эрчимжүүлэх хэрэгцээ, шаардлага өндөр хэвээр байна. Экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэд бүтцийн ажлууд ашиглалтад орох, Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эрчимжиж, зэсийн баяжмал дахь агууламж нэмэгдэх нь эдийн засгийн өсөлт хадгалагдах хүлээлтийг бий болгож байгаа. Гэхдээ энэ онд уул уурхайн гаралтай түүхий эдийн экспортоос олох орлогыг өөдрөгөөр төсөөлж, төсвийн зардлыг 20 гаруй хувиар нэмэгдүүлсэн нь “Уул үзээгүй хормой шуух, ус үзээгүй гутал тайлах” гэдэг шиг яаруу сандруу үйлдэл боллоо гэдгийг Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг сануулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН