Нүүр хуудасМэдээИргэдийг 35 хоног тусгаарласан нь хууль бус болох нь тогтоогдвол тусгаарлалтын төлбөрөө...

Иргэдийг 35 хоног тусгаарласан нь хууль бус болох нь тогтоогдвол тусгаарлалтын төлбөрөө нэхэмжлэх боломжтой

“Ковидын үед гадаадаас ирсэн иргэдийг 35 хоног тусгаарласан нь хууль бус болохыг тогтоолгох, учирсан хохирлыг барагдуулах” нэхэмжлэлийг Дээд шүүхээр хэлэлцэхээр болжээ. Энэ талаар өмгөөллийн Фиделитас Партнерс ХХК-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УОК хуульд зааснаар хүчин төгөлдөр болоогүй хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлж, хүний зорчих эрхийг хязгаарласан. Үүний улмаас тусгаарлалтын байранд төлсөн төлбөр нь хохирол болсон байна гэдэг байдлаар маргаан өрнүүлсэн. Энэ нь хэм хэмжээний акт учраас давж заалдах шатны шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Давж заалдах шатны шүүхээс 2022 оны тавдугаар сарын 3-ны өдөр гарсан шүүхийн шийдвэр дэлхий нийтээр ковидтой тэмцэж байхад УОК-ын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг буруутгах аргагүй байна гэсэн. Мөн тусгаарлалтын 21 хоногийг шүүхээс зөв, буруу гэж тогтох боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Хөл хорионд орсон нийт 24025 иргэний асуудал хөндөгдөж байна. Дээрх хүмүүс хууль ёсоор хүчин төгөлдөр болоогүй актаар зорчих эрхээ хязгаарлуулсан. Гэтэл шүүхээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний зорилгыг зөвтгөх байдлаар дүгнэлт хийж буй учир гомдол гаргасан” гэлээ.

Дийлэнх иргэд 21 хоног тусгаарлалтад орохдоо нийт 1,075,000 төгрөг төлжээ. Тусгаарлан ажиглах тухай 15 удаагийн шийдвэрээр УОК-ын тогтоож байсан хоногууд харилцан адилгүй. Гэхдээ УОК-оос гаргасан шийдвэр хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдвол тусгаарлагдаж байсан иргэд маргах, төлбөрөө эргэн нэхэмжлэх боломжтой гэдгийг тэрбээр онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН