Монгол Улсын Их Хурлын Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны анхны хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанд гишүүд танхим болон цахимаар оролцож, Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг баталжээ.
Хянан шалгах түр хороо 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 14 ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, иргэдээс хуурамч болон стандарт бус эмийн талаар өргөдөл, гомдол, мэдээллийг цахимаар болон бичгээр хүлээн авах; Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлыг шалгах хянан шалгагч, шинжээчийг томилох; Эмийн чанар, стандартад хяналт тавих үүрэг бүхий төрийн байгууллагуудын чиг үүрэг, баримт бичигт дүн шинжилгээ хийх зэрэг ажлууд багтсан байна. Мөн эмийн чанар, хэрэглээ, стандартын асуудлаар цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.