Нүүр хуудасМэдээИрэх оны төсөвт нэг их наяд төгрөг хэмнэнэ

Ирэх оны төсөвт нэг их наяд төгрөг хэмнэнэ

 УИХ-аас өнгөрсөн хавар баталсан Төрийн хэмнэлтийн тухай хууль энэ жилээс эхлэн, ирэх оны төсвийн жилд бүрэн хэрэгжинэ. Хуулийн хүрээнд 2023 оны төсөвт нэг наяд төгрөг хэмнэхээр Төсвийн төсөлд тооцоолж байгааг Сангийн яамнаас мэдэгдэж байна. Энэ онд 198 тэрбум төгрөг хэмнэжээ. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд төрийн байгууллагуудын гадаад, дотоодын томилолт, бэлэг, автомашин, тавилга худалдан авалтыг хойшлуулаад байна.

Уул уурхайгаас үзүүлэх хандив, тусламжийг Орон нутгийг хөгжүүлэх сангийн эх үүсвэр болгоно. 

Засгийн газар 2023 оны төсвийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болжээ. Ирэх оны төсвийг батлахын өмнө олон хэлэлцүүлэг өрнүүлж,  Засгийн газар, УИХ дахь МАН-ын бүлгийн байр суурь нэгджээ. 2023 оны төсвийн төсөлд тусгаад буй зарим зүйлийг онцвол:

  • Ирэх оноос уул уурхайгаас үзүүлж буй хандив, тусламжийг Орон нутгийг хөгжүүлэх сангийн эх үүсвэр буюу аймаг, сумд орох орлогын хөшүүрэг болгоно.
  • Энэ онд 2.3 их наяд төгрөгт хүрээд буй төсвийн тэнцлийн алдагдлыг ирэх онд 1.8 их наяд төгрөгт хүргэж бууруулна.
  • Ирэх онд Засгийн газар бонд гаргахгүй, харин өмнөх бондын төлбөрийг шилжүүлэх, зохицуулахаар ажиллана. Гаднаас зээлийг зөвхөн олон талт хамтын ажиллагааны олон улсын байгууллагуудаас хөнгөлөлттэй, урт хугацааныхыг авна.
  • Мөн ирэх онд шинээр хөрөнгө оруулахгүй. Тодруулбал, УИХ-ын тойргуудад хөрөнгө хуваарилахгүй. Зөвхөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийн дагуул хот байгуулах, дэд бүтцэд шилжих зэрэг бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж зарцуулахаар тусгажээ.

Ташрамд мэдээлэхэд, манай улсад барилга, боловсруулах үйлдвэрлэлийн 47 том төсөл хэрэгжихээр байгаа. Эдгээрийн 70 хувийн хөрөнгө оруулалт, санхүүжилт нь шийдэгджээ. Харин ТЭЗҮ-г бүрэн хийж дууссан 90 төсөл байна. Энэ онд хил, гаалийн хязгаарлалт, барилгын материалын хомсдол зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалд байсан хэдий ч дээрх төслүүдээс зарим төслийн ажил энэ онд эхлээд буйг Засгийн газраас мэдээлсэн. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН