2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт 10:00 цагаас орон даяар эхэллээ.
Эхний өдрийн шалгалтад Монгол Улсын түүхийн хичээл. ЭЕШ өгөхөөр нийт 40,420 шалгуулагч бүртгүүлсний 8,000 гаруй нь өмнөх оны төгсөгчид байна.
Үүнийг насны ангиллаар авч үзвэл
- 1,675 нь 15-17 насныхан
- 25,082 нь 18 настнууд
- 13,636 нь 19 ба түүнээс дээш насныхан бөгөөд хамгийн ахмад нь 58 настай иргэн байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхдөө анхаарах зүйлс:
- Бичиг баримтаа бүрэн эсэхийг шалгах хэрэгтэй. Бүх бичиг баримтаа нэвт харагддаг тунгалаг хавтсанд хийчихвэл амар байдаг. Шалгалтын үед гээх тохиолдол гардаг тул хянамгай байх хэрэгтэй.
- Автозамын түгжрэлийн тооцоолон гэрээсээ эрт гарч, суудлын хуваарьт заагдсан шалгалтын байранд, товлосон цагт очоорой.
- Шалгалтад очихдоо халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахина. Амны хаалтаа зөв зүүнэ, бээлий өмсөх, гараа ариутгах, хүн хоорондын зай барина.
- Шалгалтад ашиглах харандаа баллуур, үзүүрлэгчийг цаанаас нь тараана. Мөн гар утас, ухаалаг цаг зэрэг эд зүйлсийг шалгалтын байранд оруулахгүй тул гэртээ үлдээгээрэй.
- Хариултын хуудастай ажиллах заавартай сайтар танилцаад хянагч багшийн өгсөн заавар зөвлөмжийн дагуу ажиллана. /Яг зөв гэсэн хариултаа сонгоод будах хэрэгтэй. Аль болох баллуур ашиглахгүй байх. Шалгалтын хугацаа их юм шиг санагддаг ч яг тулаад ирэхээр бага санагдана. Иймд шалгалтын материалтай ажиллах цагаа зөв зохицуулаарай/.