Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ойг тохиолдуулан, түүний хөшөөнд цэцэг өргөх ёслол болов. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар болон намын дэргэдэх байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Төр нийгмийн зүтгэлтэн, гарамгай жанжин Д.Сүхбаатар нь 1893 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяат ард Дамдины гэрт төрсөн. 1921 оны 3 дугаар сарын 24-өөс 1922 оны 12 дугаар сар хүртэл Цэргийн яамны Тэргүүн сайдаар, 1921 оны 4 дүгээр сарын 10-аас 1923 оны 2 дугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны 2 дугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв. Д.Сүхбаатар 1923 оны 2 дугаар сарын 20-нд насан эцэслэсэн юм.

Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ манлайлан тэмцсэн Д.Сүхбаатарыг 1922 оны 9 дүгээр сард Ардын Эрхт Монгол Улсын анхны “Зоригт баатар” цолоор шагнаж байжээ.






