Нүүр хуудасМэдээКОП17: Сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх хоёр өдрийн сургалт боллоо

КОП17: Сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх хоёр өдрийн сургалт боллоо

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдана.

Энэхүү бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын сургагч багш, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Конрад-Аденауэр-Сантай хамтран “Үндэсний хэмжээнд сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт”-ыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн сургалтад үндэсний хэмжээнд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэшиж ажилладаг сэтгүүлчдийн нэгдэл болох “Ногоон пресс” сэтгүүлчдийн клубын гишүүд оролцож байгаа нь тус сургалтын онцлог юм.

Сургалтын эхний өдөр Үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Батмөнх сэтгүүлчдэд COP17 бага хурлын бэлтгэл ажлын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй танилцуулан, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн.

Үргэлжлүүлэн Үндэсний хорооны ажлын албаны ХМОНХХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Цэнгэл “COP17 брэндинг” болон “Караван” төслийн талаар танилцуулга хийсэн.

Тэрээр COP17-гийн лого болон брэндингийн тухай тодорхой ойлголт өгснөөр Монгол Улс болон тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар баталсан албан ёсны лого болон брэндингийн стандартыг дураараа өөрчлөж болохгүйг ойлгуулсан чухал сургалт боллоо.

Үдээс хойших хөтөлбөрт Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас COP17-д дэмжлэг үзүүлэх зөвлөх багш А.Жавхлан “Конвенцын талуудын бага хурлыг зохион явуулахын ач холбогдол” сэдвээр сэтгүүлчдэд сургалт явуулав.

Эхний өдрийн сургалтын төгсгөлд зөвлөх багш А.Жавхлан чиглүүлэгч багшаар ажиллан сургалтанд оролцсон сэтгүүлчдийг зургаан багт хуваан тус бүрт өөр өөр сэдэв өгч багийн ажиллагаа явуулсан.

Багууд сургалтаас олж авсан мэдлэгтээ тулгуурлан богино хугацаанд рийл, постер бүтээж, судалгаа болон тооцооллыг нарийн гаргаж хэлэлцүүлэг өрнүүлж, баг бүрийн ажиллагааны дутагдалтай болон давуу талыг нэрлэн сайжруулалт хийсэн нь эхний өдрийн сургалт үр дүнтэй болжээ гэдгийг харууллаа.

10 дугаар сарын 29-ний өдөр буюу хоёр дахь өдрийн сургалтыг Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын гадаад харилцааны ажилтан Marcos Montoiro “COP17-г хэрхэн даван туулах вэ?” сэдвээр үргэлжлүүллээ.

Marcos Montoiro урьд өмнө нь болсон COP хурлуудын сайн жишээ, тухайн оронд COP хурал явагдахын ач холбогдол, боломж, үр дүнгийн талаар, мөн COP хурлын үеэр сэтгүүлчид ямар зохион байгуулалттай ажилладаг болон Монгол улс COP17-г хэрхэн амжилттай даван туулах зэрэг олон төрлийн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн чухал сургалт өглөө.

Ийнхүү хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалтын хүрээнд сэтгүүлчид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд нөлөөлдөг хүчин зүйл, газрын доройтлоос хэрхэн сэргийлж болох, дэлхийн дулаарал, хүлэмжийн хий, биологийн олон янз байдлын алдагдал, энэ бүхэнд иргэдийн оролцоо яагаад чухал байдаг зэрэг өргөн хүрээнд мэдлэгээ дээшлүүлж, цаашид олон улсын чиг хандлагад нийцсэн мэдээллийг бэлтгэн нийтлэх мэдлэгтэй болж чадлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН