Нүүр хуудасМэдээМАН бүлэг: Монгол Улсын 2024оны төсөв болон хүүхэд хамгааллын хуулийн төслийг хэлэлцэхийг...

МАН бүлэг: Монгол Улсын 2024оны төсөв болон хүүхэд хамгааллын хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.10.09/ хуралдаж,  гурван асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлгийн хуралдааны эхэнд Монгол Улс, Франц улс хооронд ураны салбарт хамтран ажиллах асуудлын талаар хэлэлцэж дэмжлээ.

Хоёрдугаарт, Монгол Улсын 2024 оны Төсвийн төслийг хэлэлцэж, Сангийн сайдын мэдээллийг сонслоо. Уг төслийг хуулийн дагуу дөрвөн үе шаттай хэлэлцэнэ. Төсвийн хуулийг арваннэгдүгээр сарын 15-нд багтааж батлах ёстой.  Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар энэхүү хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдугаарт, хүүхэд хамгаалал болон түүний эрхзүйн орчинг боловсронгуй болгохтой холбоотой асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хүүхэд хамгааллын талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн мэдээллийг сонссон. Уг асуудалд УИХ-ын гишүүд, иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс олон санал ирсэн. Үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодорхой хуулийн төслүүдийг санаачилсан байна. МАН-ын бүлгийн хуралдаанаар энэхүү хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжиж, хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарах нь зүйтэй гэж үзлээ” гэв.

Б.Энхбаяр: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэгт тооцох өөрчлөлтийг өргөн барина

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Хүүхдийн тухай болон, Гэр бүлийн тухай хуулийг өөрчлөн боловсруулсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайдыг дуудаж, шуурхай үүрэг даалгавар өгсөн. Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгаж, багц хуулийн төслийг яаралтай боловсруулж, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих үүрэг өгсөн. Энэ хүрээнд холбогдох хуулийн төслийг урьдчилсан байдлаар УИХ дахь МАН болон АН-ын бүлэгт танилцууллаа.

Багц хуулийн хүрээнд дөрвөн хуулийг өөрчлөх юм. Үүнд, ялын бодлого чангалахтай холбоотой Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн шүүх байгуулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчлөх зэрэг хуулийн төслүүдийг боловсруулж МАН-ын бүлэгт танилцуулж, дараах өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.

Нэгдүгээрт, Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөл торуулахдаа дараах бага насны хүүхдийн амь насыг хөнөөх, хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг одоо 20 жил байгааг 30 жил болгож өөрчлөхөөр боловсруулсан.

Хоёрдугаарт, бага насны хүүхдийн амь насыг хөнөөх, хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй.

Гуравдугаарт, бага насны хүүхдийг алах, хүчиндэх, хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 22 дугаарт бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт холбогдсон гэмт хэрэгтэнг хорих ялын хугацаанаас өмнө суллахгүй.

Дөрөвдүгээрт, бага насны хүүхдийн амь насыг хөнөөх, хүчиндэх гэмт хэрэгт ногдуулах хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгохоор зүйлчилсэн.

Тавдугаарт, 1984 оноос хойш манай улсад өөрчлөгдөөгүй зарчмын шинжтэй өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулах саналтай байгаа. Энэ нь бага насны хүүхдийн насны ангиллыг 14 байсныг 16 болгож өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгах юм. 14-16 насны хүүхдийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгт 8-15 жилийн ял оноодог байсныг 12-25 жил болгож, бүх насаар нь хорих, 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт одоогийн хуулиар 5-12 жил байгааг, 12-25 жил, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэрэгт одоогийн хуулиар 1-5 жил байгааг 2-8 жил болж, тэнсэн харгалзахгүй болгох, 14-16 жилийн настай хүүхдийн бэлгийн мөлжлөгт одоогийн хуулиар 2–8 жил байгааг 12-20 жил буюу бүх насаар нь хорих гэх мэтээр өөрчлөхөөр тусгалаа.

Мөн энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулахаар хэлэлцэж байна. Ингэхдээ одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар иргэн хүн, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулбал, хүлээх хариуцлагыг хөндөхгүй. Харин мөрдөн байцаагч, мөрдөх ажилтан, прокурор, шүүгч зэрэг албаны нууцыг хадгалах үүрэгтэй хүмүүс задалсан тохиолдолд ялын бодлогыг чангаруулах юм. Ингэснээр одоогийн ялыг нэмэгдүүлж 1-5 жил болгож, тухайн төрийн албан хаагчийн нийтийн албанд ажиллах эрхийг хасах зохицуулалтыг тусгасан.

Мөн хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнтэй тооцох хариуцлагыг нэмэгдүүлэхээр хэлэлцэж байна. Зөрчлийн хуулиар зохицуулж байсныг цаашид зөрчил биш,  гэмт хэрэгт тооцохоор тусгасан. Ямар хэмжээний согтууруулах ундаа хэрэглэснээс үл хамааран согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хүнд, хөнгөн гэмтэл учруулсан бол гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Гэр бүлийн тухайлсан шүүхийг Улаанбаатар хотод байгуулна. Манай улсад гэр бүлийн 80 гаруй мянган асуудлыг Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэж байна. Ингэснээр гэр бүлийн маргаанаас гадна, хүүхдийн хүчирхийлэл, үрчлэл зэрэг асуудлыг багтааж, гэр бүлийн дагнасан шүүхтэй болохоор тусгалаа.

Гэр бүлийн хуулийг чангатгах асуудлыг мөн хуулиар хэлэлцэх юм. Ганцхан хуулийг чангатгаснаар асуудлыг бүрэн шийдвэрлэхгүй. Эцэг эх, асран хамгаалагчийн үүргийг сайжруулах нь чухал” гэв.

Б.Жавхлан: 2024 оны төсөв илүү цахим, ил тод байдлыг чухалчилсан

Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийн талаар сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө. Тэрбээр “Хаврын чуулганы төгөсгөлд төсөв дагасан хуулиудад томоохон өөрчлөлтийг хийсэн. Дээрх өөрчлөлтийг 2024 оны төсвийн төсөлд барьж ажиллахыг чухалчилсан. Тухайлбал, өмнө нь зураг төсөвгүй төслүүд орж ирдэг, шинэ төслүүдэд бага хэмжээний мөнгө хуваарилснаар хугацаанаас шалтгаалж үнийн өөрчлөлтөд орж төсөв гацдаг зэрэг хүндрэлүүдийг өөрчилсөн. Энэ жилийн төсөвт аудитын дүгнэлтийг хийж байна. Ирэх жилийн төсөвт зураг, төсөвгүй нэг ч төсөл орж ирэхгүй гэж ойлгож болно.

Мөн Засгийн газар 21 аймгаар тойрч ажиллаж, иргэдийн саналыг сонсч, шаардлагатай хөрөнгө оруулалтыг жагсааж, иргэдээр эрэмбэлүүлсэн. Үүнээс томоохон хөрөнгө оруулалтыг дурдвал, эрүүл мэндийн салбарт олон жил ярьсан, эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлгийн төсвийг 40 тэрбум төгрөгөөр эхлүүлнэ. Бид ковидын жилүүдэд төсвийн өндөр алдагдал хүлээсэн. Тэр үед 12.5 хувийн алдагдалтай байсныг ирэх жил 2.8 болгож бууруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төсвийн онцлог нь илүү цахим, ил тод байдлыг чухалчилж улсын хөгжилд суурилсан хөрөнгө оруулалтыг тусгасан” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН