-2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорилт дэвшүүллээ-
Монгол Ардын намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд дэвшүүлэн оролцох мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өнөөдөр хүлээлгэн өгөв. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджавт гардуулж өгөн танилцуулга хийлээ. Энэ арга хэмжээнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, О.Батнайрамдал, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, МАН-ын дэргэдэх Стратеги Академийн захирал Д.Бумдарь нарын бусад албан тушаалтнууд байлцлаа.
Өчигдөр /2024.03.23/ Монгол Ардын Намын Бага хурлын III дугаар хуралдаанаар ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталсан. Мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа намын удирдах албан тушаалтнууд 21 аймгийн 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийн 207 хороонд ажиллаж олон нийттэй биечлэн уулзалт, хэлэлцүүлгүүд хийж намын гишүүд, иргэд сонгогчдоос нийт 40 гаруй мянган саналыг авч нэгтгэсэн гэдгийг Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
Тэрээр:
-Монгол Ардын Нам Засгийн газрын эрх баригч хүчний хувьд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн улс орны эдийн засаг, нийгмийн байдалд өөрчлөлт авчирч чадахуйц томоохон төсөл хөтөлбөрийг сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө гол зүйл болгон боловсрууллаа. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хориг заалтыг даваагүй. 2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх бодлого дээр суурилсан “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Учир нь Засгийн газрын санаачилгаар Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдэж УИХ 126 гишүүнтэй, бүсчилсэн сонгуулийн тойргийн системтэй байхаар томоохон өөрчлөлт хийсэн. Ийм өөрчлөлтийг хийсэн улс төрийн нам, Засгийн газрын хувьд энэхүү өөрчлөлт шинэчлэлт Монголд, ард түмэнд үр өгөөжөө өгөн, хүний хөгжлийг бодлогын цөм болгох ёстой гэсэн агуулга, үзэл санаагаар бүсчилсэн хөгжлийн реформыг бодитой болгох мөрийн хөтөлбөр боловсруулсан юм.
Мөн түүнчлэн монгол хүний амьдралын чанарыг баталгаатай болгож нэг хүнд ногдох ДНБ-ийг нэмэгдүүлэх чиглэлээр голчлон анхаарч мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. 2016 онд МАН Засгийн эрх авахад эдийн засгийн өсөлт 1 хувьтай, нэг хүнд ногдох ДНБ 3 мянган ам.доллартай тэнцэж байсан. Одоо нэг хүнд ногдох ДНБ 6 мянган ам.долларт дөхөж очсон байна. 2024 оны жилийн эцсийн байдлаар ДНБ 74 их наяд хүрэх бодитой боломжтой болсон. МАН 8 жилийн хугацаанд Засгийн эрх барихдаа нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг даруй 2 дахин нэмэгдүүлж чадлаа. Манай мөрийн хөтөлбөрийн агуулга, зорилго бүрэн хангагдсанаар 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорилтыг тавьсан мөрийн хөтөлбөр боловсруулсан нь энэ юм. Ийнхүү ДНБ, эдийн засгийн өсөлт тогтвортой байх нөхцөлийг харгалзаад цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх боломжийг тооцоо судалгаанд үндэслэн боловсруулж Үндэсний аудитын газарт хянуулахаар өгч байна гэв.
Мөн МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа мөрийн хөтөлбөрийн гол амин сүнс нь бүсчилсэн хөгжил болоод эдийн засгийн өсөлтийг айл бүрийн хаалгаар оруулахад илүү анхаарсан бодлогыг тусгасан гэдгийг онцлов. МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг намын гишүүдийн санал дээр нэмж 38 мэргэжлийн холбоодод нэгдсэн 500 гаруй байгууллага, аж ахуйн нэгжээс ирсэн салбар бүрийн шинэчлэлийн асуудлыг тусгасан саналыг мөрийн хөтөлбөрийн төсөлд тусган, орон зайн эдийн засгийн тооцоолол хийсэн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан нь онцлог болохыг дурдлаа.