Өнөөдөр Монгол түмний хувьд хараар тэмдэглэгдэж үлдсэн нэгэн өдөр тохиож байгаа нь “Долдугаар сарын нэгэн” буюу 11 жилийн өмнөх энэ өдөр юм. Чухам энэ өдөр Монголын ард түмэн хэрхэн босч тэмцдэг эсвэл хэрхэн жагсаалд турхирагчдын гар хөл болж үймээн самуун үүсгэж болдгийг харсан билээ. Үүнээс болж гэм зэмгүй таван хүний амь нас эрсдсэн харамсалтай хэрэг гарсан юм.
Тодруулбал, 2008 оны зургаадугаар сарын 30-нд болсон УИХ-ын сонгуулийн дүнгээс үүдэн БНН-ын дарга Б.Жаргалсайхан, иргэний хөдөлгөөний жагсагч О.Магнай, Ж.Батзандан нарын зохион байгуулсан тайван жагсаал сүүлдээ хүчирхийлэл болж хувирсан юм. Жагсагчид болон цагдаа хүчний байгууллагын хооронд ширүүн тэмцэл өрнөсөн гэж хэлж болно. Үймээн дэгдээгчид МАХН-ын төв байрыг галдан шатааж, цаашлаад Соёлын төв өргөө, Морин хуур чуулгын байр, Уран зургийн галерейн байранд хүртэл халдсан байдаг юм. Үүний уршигаар олон тооны түүх, соёлын олон үнэт зүйлсийг ул мөргүй шатааж томоохон хэмжээний хохирлыг улсад учруулсан билээ.
МАХН-ын байрлуу чулуу нүүлгэх иргэд С.Баяр даргыг гарч ирэхийг шаардаж, сонгуулийн дүнг эсэргүүцсэн юм. Энэ дунд юугаа ч мэдэхгүй үзэл бодлоо илэрхийлж байгаа нь энэ гэж иргэд сэтгэл хөдлөлдөө автан үймээнд оролцсоноор эрүүл мэнд, амь насаараа хохирч үлдсэн билээ.
Энэхүү үймээний үед таван хүний амь
үрэгдсэнээс гадна олон мянган хүн гэмтэж бэртэж эрүүл мэдээрээ хохирч, 700
гаруй хүнийг баривчилсан байдаг. Гэвч энэхүү үймээн самууныг үеэр галт зэвсэг
нээх үүргийг өгсөн эрхмүүд өнөөдрийг хүртэл нууц хэвээрээ. Шүүхээс энэ хэрэгт
буруутай гэж үзэн Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан,
хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн
хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жилийн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан,
цагдаагийн хурандаа О.Зоригтод 5.6 жилийн,
Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт хоёр
жилийн ялыг тус тус оноосон. Гэвч тэдний хэргийг Өршөөлийн хуульд хамруулснаар
Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус
эдлүүлэхээр шийдвэрлэж, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн
дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй үлдсэн юм. Өдгөө ял авсан
дарга нар бүгд өвчний улмаас болон бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн байдаг. .
Монголын нэн шинэ үеийн түүхэнд хараар бичигдэж үлдсэн энэ харуусалтай явдал болсноос хойш хэдийнээ 11 жилд өнгөрчээ. Цаг хугацаа өнгөрч цаг үе нь мартаж болох ч түүхийн шар хуудас мартахгүй.
Жагсаал эхлээд сонгуульд ялагдсан улстөрийн хүчин үр дүнгээ хүлээн зөвшөөрөхгүй Сүхбаатарын талбай дээр эгэл ардуудын цөсийг хөөргөж цуглуулснаар эхлэсэн. Тухайн өдрийн 13.00 цагт Монголын хэвлэлийн хүрээлэнгийн хурлын танхимд Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нар сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарласан юм.
Түүний дагуу 13.10 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн хурлын танхимд очиход Б.Жаргалсайхан ганцаараа сууж байв. Сэтгүүлчид түүнээс “Таныг гурвуулаа хурал хийнэ гэсэн. Яагаад ганцаараа байгаа юм” гэж асуухад тэрбээр “Ж.Батзандан Сонгуулийн ерөнхий хороог тараахаар тэнд жагсаал хийж байгаа. О.Магнай МАХН-ын /хуучнаар/ байрны үүдэнд жагсаал зохион байгуулж байгаа.
Тиймээс би сэтгүүлчдэд мэдээлэл хийчихээд МАХН-ын байрны үүдэнд очно. Тэнд Ж.Батзандангийн удирдаж байгаа эсэргүүцэгчид ч ирж нийлнэ. Ингээд тал талаасаа нэгдээд тэмцлийн бүх хэлбэрээр үзнэ. Энэ сонгуулийг дахин явуулахгүй бол юу ч болж мэднэ гэдгийг эрх баригчдад анхааруулж байна. За ингээд би МАХН-ын байр уруу явлаа” хэмээсэн байдаг юм.
Түүний ийн хэлсэн нь өдгөө ч хэвлэлийн архивт хадгалагдаж байгаа биз. Үүнээс хойш МАХН-ын байрны үүдэн дэх жагсаал ширүүсч, сүүлдээ байранд халдаж эхэлснээс хойш жагсаал зохион байгуулагчид удирдлагаа алдсан юм. Тухайн үед жагсаалд оролцогчдод архи тараасан гэх мэдээлэл ч байдаг.
Монголын ард түмэн урьд хожид хэзээ ч байгаагүйгээр муйхарлан жагсаж, сүйтгэж, үймүүлж таван иргэний алтан амь үрэгдсэн. Харин энэ жагсаалыг зохион байгуулагчид, өдөөн хатгагчид, гал нээх тушаал өгсөн дарга нар хаана явна. Энэ өдөр мартаж болохгүй өдөр, ухаан санаа ой тойндоо үймээн самуун нь эцсийн дүндээ юунд хүргэдгийг яс маханд мэдрүүлсэн өдөр. Тийм ээ, Монголын ард түмний “МАРТАЖ БОЛОХГҮЙ ӨДӨР”