Монголын Залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Тус холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монгол” аяныг бид дэмжиж ажиллана.
Цагдаагийн байгууллагад ирсэн нийт дуудлагын 30 хувь нь архидалттай холбоотой байна. 2021 он 533 хүн архинд хордож нас барсан. Нэг жилд дунджаар 70-80 мянган хүн эрүүлжүүлэхэд хонодог гэсэн судалгаа байгаа. Архийг ажилгүйдэл, стрессээс болж хэрэглэж байна гэж сошиал орчинд бичиж байна. Яг юунаас болж байгааг бид судална.
Тамхины хайрцаг дээр хор нөлөөг нь бичдэг хэрнээ архины шилэн дээр шүтдэг уул, ус, хаад ноёдынхоо зургийг тавьдаг. Үүнийг өөрчлөхөөс ажлаа эхэлье гэдэг санаачилга гаргаж байна. Хуулийн хүрээнд юмуу ямар хэмжээнд өөрчлөлт орох талаар холбогдох газруудад саналаа хүргүүлж ажиллана.
Архины шилэн дээр хор хөнөөлийг нь ухуулан таниулсан үг, зураг байх ёстой” гэлээ.
Монголын Залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
Э.Цэнд-Аюуш архины эсрэг зургаан ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Нэгдүгээрт, Баасан гараг бүр спорт заалыг үнэгүй болгоё.
Хоёрдугаарт, архины шилэн дээр анхааруулга наая.
Гуравдугаарт, баяр болгоныг архигүй тэмдэглэе гэдэг уриалгыг гаргана.
Дөрөвдүгээрт, Цагаан захтан гэж яриад байгаа хүмүүсийн архидалттай тэмцэнэ.
Тавдугаарт, аж ахуйн нэгжүүдэд архидалтын эсрэг сургалт зохион байгуулна.
Зургаадугаарт, бусдыг архиар шахахгүй байх соёлыг дэлгэрүүлнэ гэлээ.