Бүтэн зууны тэртээ, 1922 онд Оросын Засгийн газрын урилгаар охид, хөвгүүд нийлсэн 15 монгол залуу умрын оронд суралцахаар Москва хотыг зорьж, олон мянган монгол иргэнийг араасаа дагуулах анхдагч гарцаа нээж байсан түүхтэй.
Улиран одож буй нэгэн зууны дотор Монголын 70 мянга гаруй иргэн хуучнаар ЗХУ, одоогийн ОХУ-ын олон хотод дээд, дунд, тусгай дунд боловсрол эзэмшиж, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож ирсэн. Улмаар 1972 онд Монголоос Орост оюутан сургаж эхэлсний 50 жилийн ойг тэмдэглэх үеэр ОХУ/ЗХУ-д сургууль төгсөгчдийн хүчийг нэгтгэн чиглүүлэх, тэдний эрх, мэргэжлийн ашиг сонирхлыг дэмжин хамгаалах зорилгоор Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн дэргэд Монголоос ОХУ/ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбоо (МАВСУЗ) байгуулсан нь өдгөө мөн 50 жилийнхээ ойтой золгоод байна.
Монголоос Орост оюутан сургаж эхэлсний 100 жил, Орос/ЗХУ-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбоо байгуулагдсаны 50 жилийн ой гэсэн хоёр түүхэн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээ өнгөрсөн Баасан гарагт (2022.10.07) Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д болж, Орост сургууль төгссөн олон хүн ОХУ-ын их, дээд сургуулиудын төлөөлөгчид болон оюутан насны анд нөхөдтэйгөө уулзан, орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлж хойч үеийнхэндээ өвлүүлэх, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Оросын бизнесийн байгууллагуудтай харилцан ашигтай хамтран ажиллах зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцлоо.
“ОХУ/ЗХУ-д төгсөгчдийн дундаас төр засаг, улс төрийн нэрт зүтгэлтнүүд, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсрол, урлаг соёлын салбарын шилдгүүд олноороо төрөн гарсан. “Өнөөгийн парламентын гишүүдийн гуравны нэг нь ОХУ/ЗХУ-д төгсөгчид юм. Өнгөрсөн зууны 90-ээд оны баримт мэдээгээр манай эрдэмтдийн 60 гаруй хувийг, инженер-техникийн ажилтнуудын 50 гаруй хувийг Орос, Зөвлөлтөд сургууль төгсөгчид бүрдүүлж байсан. Ийнхүү Монголын үндэсний мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн төлөвшүүлэх, манай улс ардын аж ахуй бүрэлдэн тогтоход Орос, Зөвлөлтийн боловсролын систем асар их хувь нэмэр оруулсан…” гэж МАВСУЗ холбооны ерөнхийлөгч, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл ёслолын арга хэмжээнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэхдээ онцлон тэмдэглэсэн юм.
Давхардсан ойн баярын энэ арга хэмжээний үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Монгол дахь Оросын хамтын ажиллагааны төлөөлөгчийн газар (Россотрудничество)-ын даргын үүрэг гүйцэтгэгч, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч В.В.Кильпякова, Орос, Зөвлөлтөд сургууль төгсөгчдийн Олон улсын зохицуулах зөвлөл «Инкорвуз-XXI» байгууллагын дарга, РУДН (Улс түмний найрамдлын их сургууль)-ийн дэд захирал Л.И.Ефремова, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл (ННМЭ)-ийн ерөнхийлөгч, МОНН-ийн тэргүүн, Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, МАВСУЗ холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат багш Д.Цогзолмаа, Уралын холбооны Их сургууль (хуучнаар УПИ)-ийн дэд захирал, С.Г.Тушин, Байгалийн Улсын Их сургуулийн дэд захирал, М.П.Кузьмин нар төгсөгчиддөө баяр хүргэн үг хэлж талархлын бичиг, бэлэг дурсгалын зүйл гардуулав.
ОХУ/ЗХУ-д төгсөгчдөдөө ННМЭ, МОНН-ийн мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ Ж.Гүррагчаа баатар “Шинэ Монгол Улсыг цогцлоон байгуулж, тухайн үеийн дэлхийн соёл иргэншлийн түвшинд хүргэхэд үндэсний сайтар бэлтгэгдсэн боловсон хүчин ус, агаар мэт хэрэгтэй байсан 100 жилийн тэртээ залуу үеэ Завлөлт Орос Улсад сургах тухай Ардын Засгийн газрын шийдвэр ирээдүйгээ харсан тун мэргэн шийдвэр байжээ. Үүний ачаар ХХ зуунд та бидний өвөг дээдэс, аав ээж, ах эгч нар орос хэл, соёлд шамдан суралцаж, эх оронд маань нэн хэрэгтэй байсан тал бүрийн нарийн мэргэжил эзэмшин, орчин цагийн УААА-н бүх салбарыг хөгжүүлэх, шинэ хот суурин, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн цогцолборууд байгуулах, хүн ардаа бичиг үсэгтэй болгох их үйлсэд түүчээлэн оролцож, манлайлах үүрэг гүйцэтгэж ирсэн.
ОХУ/ЗХУ-д сурч боловсорсон монгол төгсөгчид та бүхэн бол шинэ дэвшилтэт бүхнийг түгээгч, цогцлоон бүтээгч, соён гэгээрүүлэгч, үлгэрлэн манлайлагч үнэт өв маань бөгөөд байгуулсан их гавьяатай, бахархан дуурайх үйлстэн мөн. Тиймээс Орос, ЗХУ-д сургууль төгссөн хүмүүсийн хувьд 100 жилийн ой гэдэг бол үнэхээр чухал үйл явдал юм…” гэж онцлон тэмдэглэсэн юм. Тэрбээр мөн “Хүн бүр амьдралдаа олон чухал шийдвэр гаргадгийн дотор ирээдүйд хэн байх, ямар мэргэжил эзэмших, хаана, хэрхэн суралцахаа сонгоно гэдэг хамгийн чухал сонголт байдаг. Миний хувьд энэ чухал шийдвэрийг гаргахдаа Оросод суралцахаар сонгосондоо хэзээ ч харамсаж байгаагүй. Тиймээс та бүхнийг ойр дотны хүмүүс, үр хүүхэд, ач зээ нараа Оросод сургаасай гэж хүсэж байна” гэлээ.
62 дахь удаагаа зохион байгуулж буй-Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Улаанбаатар дахь Русский дом (РЦНК) Оросын үндэсний боловсролын YII үзэсгэлэн зохион байгуулж, ОХУ-ын 22 их, дээд сургуулийн төлөөлөл өөрсдийн боловсролын хөтөлбөр, сургах мэргэжлүүдийг Монголын иргэдэд санал болгосон юм. Тус үзэсгэлэн залуучуудад мэргэжлээ сонгоход нь туслах, Оросын их, дээд сургуулиуд төдийгүй тухайн сургууль оршдог хотуудтай танилцах сайхан боломж олгосон юм.
“Оросын боловсролын үзэсгэлэн үзэж буй монгол залуучууд ОХУ-ын их, дээд сургуулиудаас тавьж буй саналыг ихэд сонирхож байгааг бид ажиглаж байна. Боловсролын салбар дахь хамтын ажиллагааны шинэ зуунд манай хоёр орны хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хүрээгээ тэлэн үргэлжилж, эерэг сайхан хандлагатай байгаа…” гэж ойн баярын хуралд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Валерия Кильпякова тэмдэглээд “Өнөөгийн байдлаар Оросод 5000 орчим монгол оюутан суралцаж байгаа, жил бүр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Оросын их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцахаар ерөнхий боловсролын сургуулийн 600 төгсөгч явж байгаа. Ирэх жил энэ тоо 620 хүрнэ” гэлээ.
Ойн арга хэмжээнд оролцогчид төрөлх сургуульдаа мэргэжил дээшлүүлэх, ОХУ-д үйлдвэрлэлийн дадлага хийх, орос хэл сурах орчин бүрдүүлж, орчин үед эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр үр хүүхэд, ач зээ нартаа чанартай боловсрол олгоход ОХУ-ын их, дээд сургуулиудад ямар боломж байгаа, тоон технологи, дижитал шилжилтийн шинэ эрин үед Оросын боловсролын системд ямар өөрчлөлт, дэвшил гарч буйг сонирхож, ОХУ-аас ирсэн зочид, багш нартай санал бодлоо солилцлоо.
Түүхэн хоёр ой тэмдэглэж буй энэ өдөр РУДН буюу Улс түмний найрамдлын их сургуулийн дэд захирал Л.И.Ефремова, Монголоос ОХУ/ЗХУ-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбооны ерөнхийлөгч Д.Рэгдэл нар ажлын тодорхой хөтөлбөрийн дагуу хэд хэдэн арга хэмжээ хамтран хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гарын үсэг зурсан юм.
Баярын хурал онол-практикийн бага хурлаар үргэлжилж, оролцогчид гурван бүлэгт хуваагдан тодорхой сэдвээр бэлтгэсэн илтгэл сонсож, ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүллээ. Тухайлбал:
– Улс орныхоо хөгжилд төгсөгчдийн оруулж буй хувь нэмэр;
– Орос хэл, соёлыг залуу үедээ түгээн дэлгэрүүлэхэд төгсөгчдийн гүйцэтгэх үүрэг;
– Монгол оюутнуудыг сургахад бүс нутгийн их, дээд сургуулиудын гүйцэтгэж буй үүрэг, төгсөгчид төрөлх сургуультайгаа холбоо тогтоох нь, төгсөгчдийн үндэсний холбоодын хамтын ажиллагаа гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг болов.
Эдгээр сэдэвчилсэн хэлэлцүүлгийн үеэр өнөөгийн улс төр, геополитикийн шинэ нөхцөл байдалд хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагааг хэрхэн хөгжүүлэх, бизнесийн орчинд хоёр тал хэрхэн үр бүтээлтэй, харилцан ашигтай хамтран ажиллах, орос хэлний сургалтын орчинг хэрхэн сайжруулах, эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлага, түүхэн үнэт зүйлээ залуу үедээ хэрхэн өвлүүлж үлдээх зэрэг сэтгэл зовниж буй олон асуудлаараа төгсөгчид илэн далангүй ярилцаж, санал бодлоо илэрхийллээ. Орос хэл, соёлд дуртай, Оросод элэгтэй хүмүүсийн дунд хижээл, ахмад насныхан зонхилж, залуусын эзлэх хувь харьцангуй бага байгаагаас тэдний дуу хоолой бүдгэрч, залуу үеийнхнийхээ үзэл бодлыг сонсох тал дээр ахмадууд маань доголдож байна уу гэж шүүмжлэх аяс ч цухалзаж байв. Ямар боловч умард хөрштэй холбоотой улс төрийн шинэ нөхцөл байдал бий болсон өнөө үед Орос/ЗХУ-д сурч боловсорсон үе үеийнхэн сэтгэлийнхээ дуудлагаар цугларч, ойн баяраа хамтдаа тэмдэглэн, залуу халуун нас, оюутан ахуй үеэ дурсаж, орос дуу, бүжгийн хэмнэлд баясахын зэрэгцээ сэтгэл эмзэглүүлсэн асуудлуудаараа санаа бодлоо солилцож, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсондоо баяртай байлаа. МАВСУЗ холбооны удирдлага 50 жилийн ойдоо зориулж “Сэтгэлд дотно Орос орон” цуврал номынхоо гурав дахь ботийг хэвлүүлэн гаргасныхаа дээжээр ойн баярт оролцсон төгсөгчиддөө оюунлаг бэлэг барьсан юм.
Ш.Отгонцэцэг