Жүдо бөхийн “Чиндао Мастерс-2019” тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо пүрэв гарагт эхэлж, Монголын 10 жүдоч гарч барилдсанаас 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байна. Тодруулвал эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг аваргын төлөө Косовогийн К.Дистрияд базари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медалийн эзэн болсон бол эрэгтэй 66 кг-д Монголоос 2 бөх гарч барилдаж, хоёулаа медаль хүртлээ.
Энэ жилийн дэлхийн аваргаар томчуудыг давж, шуугиулж чадсан Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Израил улсын Брауч Шмайловыг нэмэлт цагт базари үнэлгээгээр ялж, хүрэл медалийн тавцанд зогсов.
Харин Г.Хэрлэн алтын төлөө барилдаж мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр 2017 онд мастеруудын тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм. Энэ удаад аваргын төлөө Италийн Мануэль Ломбардотай барилдаж, цэвэр ялагдсанаар мөнгөн медаль зүүлээ.
Энэ өдрийн барилдаанд дэлхийн аварга Д.Сумъяа, М.Уранцэцэг нар медальгүй хоцров.