Нүүр хуудасМэдээМонголын төрийг 44 жил удирдсан маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 105 жилийн ой...

Монголын төрийг 44 жил удирдсан маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 105 жилийн ой тохиож байна

Өнөөдөр төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 105 жилийн ой тохиож байна. 

Монгол Улсын төрийн тэргүүн, маршал Ю.Цэдэнбал нь 1940-1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв. Амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж байсан юм. Түүнийг 1991 онд Москвад нас барахад шарилыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулж, Улсын Драмын Эрдмийн Театрын өмнөх талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгосон юм. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгосон байдаг.

Ю.Цэдэнбал нь Монгол орныг аж үйлдвэржүүлж, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, хүн амаа шинэ бичиг үсэгт хамруулж, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх, ухаан, соёлын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байсан. Мөн БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах, НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болгоход чухал хувь нэмэр оруулсан. Түүнийг төрийн эрх барьж байх хугацаанд БНМАУ дэлхийн 130 гаруй улстай дипломат харилцаатай, 60 гаруй улстай соёлын харилцаатай болсон. Ю.Цэдэнбал ЗХУ болон бусад социалист лагерийн орнуудын дэмжлэгтэй БНМАУ-ын нийгэм эдийн засаг, соёлыг 1960-1980 онд эрчимтэй урагшлуулан хөгжүүлсэн гавьяатай билээ.

Харин 2016 оны 9 сарын 21-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түүний нэрэмжит болгосон байдаг. Жил бүрийн энэ өдөр түүний дурсгалыг хүндэтгэж, хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай билээ. 

Түүний тухай товч намтар:

Юмжаагийн Цэдэнбал  1916 оны есдүгээр сарын 17-нд  Увс аймгийн Давст суманд 11 хүүхэдтэй дөрвөд айлд төрж, 1991 оны дөрөвдүгээр сарын 20-нд Москвад нас барсан. 

1929 онд Улаангомын дунд сургуулийг төгсч, 1938 онд Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй дүүргэж  эх орондоо ирсэн. Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгч, 1939 оны гуравдугаар сараас Сангийн яамны дэд сайд, долдугаар сараас Сангийн яамны сайд, Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэж байсан.

 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны наймдугаар сар хүртэл ажилласан.  

Энэ хугацаанд Улстөрийн товчооны гишүүн, 1945-1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, улсын төлөвлөгөөний хорооны даргаар ажилласан.  

1952 онд Х.Чойбалсанг нас барсны дараа БНМАУ-ын ерөнхий сайд болж, 1974 оны зургадугаар сарын 11-ээс Ж.Самбууг нас барсны дараа АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажилласан.  

1984 оны наймдугаар сард түүнийг хөгширч, оюуны доройтолд орсон гэх зэрэг шалтгаанаар тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнхийг сонгосон байдаг.  

Ю.Цэдэнбал нь нас барах хүртлээ Москвад  гэрийн хорионд амьдарсан бөгөөд 1991 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр нас барахад цогцсыг ньУлаанбаатарт авчирч, Алтан-Өлгийд нутаглуулсан юм.  

Улс эх орныхоо төлөө зүтгэсэн түүний нөр их хөдөлмөр ухаан бодлыг үргэлж хүндэтгэн үр хойч хэн бүхэн дурсан санаж явах учиртай билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН