Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ээлжит XXI Их хурал Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд эхэллээ. Дөрвөн жилд нэг удаа болдог тус их хурлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгон батлах юм. Хувийн хэвшлийн хамгийн том нэгдэл МҮХАҮТ нь сайн дурын үндсэн гишүүнчлэлтэй, өөрөө удирдах ёсны байгууллага. Танхим 5900 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар Танхимтай, 23 улсад 51 төлөөлөгчтэй. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд 13 хүн нэрээ дэвшүүлсэн бол Удирдах зөвлөлийн гишүүнд 99 компани хүсэлтээ хүлээлгэн өгсөн.
XXI их хурлаар МҮХАҮТ-ын 2019-2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах юм. Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэж, тус зөвлөлийн гишүүдийг сонгон батална. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулга хийх, тэргүүлэх асуудлуудыг тодорхойлох, Танхимын үүрэг оролцоог мөн хэлэлцэнэ.
Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах, илэрхийлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй төрийн бус байгууллагын хувьд ирэх дөрвөн жилд тус байгууллагыг удирдан чиглүүлэх Удирдах зөвлөл, Танхимын ерөнхийлөгчийн сонгууль нь дотоод ардчиллын дагуу нийт гишүүд, хурлын төлөөлөгчид, бие даагчдад нэр дэвших, дэвшүүлэх үйл ажиллагаа нээлттэй, ил тод байдгаараа онцлогтой.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин XXI Их хурлыг нээж хэлсэн үгэндээ “МҮХАҮТ өнгөрсөн дөрвөн жилд эдийн засаг бизнесийн гол тинк танк байгууллага болох, гишүүнчлэлийн хүрээг өргөжүүлэх, бодлогын өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагааг хүчтэй, үр дүнтэй явуулах, төр хувийн хэвшлийн хэлэлцлийн тогтолцоог хөгжүүлэх, эдийн засгийг тэлэх, түүний дотор уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, танхимын гадаад харилцааг өргөжүүлэх, бизнес эрхлэх чадавхыг сайжруулах, бизнес удирдах чадавхыг хөгжүүлэх шинэлэг сургалтуудыг шинэ шатанд гаргахад анхаарч ажилласан. Мөн бизнесийн маргааныг шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг сайжруулахад гол асуудал болох арбитрын эрх зүйг боловсронгуй болгох, Монголын Олон улсын Арбитрын институтийн хувьд бэхжүүлэх, чадавхыг сайжруулж чадсан” хэмээн онцлов.
Дэлхийн эдийн засгийн форумын “Их сэргэлт” санаачилгын үзэл баримтлал, бизнесийн орчны судалгааны үр дүнд тулгуурлан 2021 оны тавдугаар сард “Эдийн засгийн Их сэргэлтийн санаачилга”-ыг МҮХАҮТ-аас анх удаа гарган төр засаг, холбогдох байгууллагуудад танилцуулж,уг санаачилгыг ажил хэрэг болгох чиглэлээр идэвх санаачилгатай ажилласан нь Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын суурийг тавьсан юм.
Өнгөрсөн дөрвөн жилд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөвшөөрлийн тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Төрийн ба орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг бизнестэй холбоотой олон чухал хуулийн шинэчлэл хийгдсэн бөгөөд МҮХАҮТ-ын зүгээс ажлын хэсгүүдэд орж ажиллах, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, санал хүргүүлэх зэргээр хуулийн төслүүдэд бизнес эрхлэгчдийн төлөөлөн саналуудыг тусгуулж ажилласан юм.
МҮХАҮТ нь БНХАУ-д КОВИД-19 вирусийн халдвар тархсан цагаас хөл хорионы бизнес дэх нөлөөллийн судалгаануудыг явуулж, эдийн засагт учирч буй эрсдэлийг удирдах, бизнес эрхлэгчдийг дэмжих саналуудыг төр засагт хүргүүлэн ажилласан төдийгүй үүний дагуу тодорхой шийдвэрүүд гарч хэрэгжсэн билээ.