“Awezome” сэтгүүлийн гол зорилго нь Солонгост амьдарч, сурч, ажиллаж буй монголчууд болон тус улсыг зорихоор төлөвлөж буй хүмүүст бодитой, тэнцвэртэй, хэрэгцээтэй мэдээлэл хүргэхэд оршино. Сэтгүүлийн агуулга нь багийн гишүүд болон Солонгост амьдарч буй монголчуудын бодит туршлага, туулсан замналд тулгуурласнаараа онцлог юм.
Солонгос улсыг зорихоор төлөвлөж буй хүн бүрийн зорилго, хүсэл тэмүүлэл өөр хэдий ч мэдэхийг хүсэж буй зүйлс нь нийтлэг. Виз, сургууль, тэтгэлэг, орон байр, ажил төрөл, хоол унд, соёл уламжлал, мөн заавал мэдэх, анхаарах, болгоомжлох зүйлс гээд олон асуулт хариулт нэхдэг. Тиймээс энэхүү сэтгүүл нь эдгээр асуултад товч бөгөөд тодорхой, үнэн бодит хариулт өгөхөд чиглэсэн байна.
“Awezome” сэтгүүлийн анхны дугаарт Солонгосыг зорихдоо заавал цүнхлэх зүйлс, тэтгэлгээ үргэлжлүүлэх арга, виз болон хөдөлмөрийн гэрээтэй холбоотой мэдээ мэдээлэл багтжээ.
Мөн ярилцлагын буланд Солонгосын соёл урлаг, загварын өрсөлдөөнт зах зээлд өөрийн дүр төрхөө бүтээж буй модель Ж.Намуун, БНСУ-д 30 гаруй жил ажиллаж, амьдарсан, мэргэжлийн синхрон орчуулагч С.Сүх-Очир нарыг урьж тэдний туршлага, амжилтыг хуваалцжээ.
Түүнчлэн таны сэтгэлийг хөдөлгөж, гайхшруулах бодит түүхийн хуудас, сүүлийн үеийн тренд, гоо сайхан мөн солонгос хэлээ сайжруулахад тань туслах солонгос найзын өдрийн тэмдэглэлийг ч сэтгүүлээс унших боломжтой.
“Awezome” сэтгүүлийг цаашид улирал тутам эрхлэн гаргах бөгөөд анхны дугаарыг “News Cafe” болон “Caffe Bene”-ийн дараах долоон салбарт байршуулсан тул сонирхсон хүмүүс үнэ төлбөргүй авч унших боломжтой юм.
- Наадам центр
- Улсын их дэлгүүр
- Хорооллын Номин их дэлгүүр
- Хүнсний 20
- TDB
- Max mall
- Hunnu mall
Харин Солонгос улсад дараах газруудад байршуулжээ.
- Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам (Сөүл хот)
- Солонгос улс дахь Хөдөлмөр, хамгаалал үйлчилгээний газар (Сөүл хот)
- Монгол таун (Сөүл хот)
- Монгол хэл, соёлын төв (Сөүл хот)
- “Намү” төв (Илсан хот)
- Монгол хөгжлийн төв (Чонжү хот)





