Аавын тухай шүлэг уншаач гэвэл чээжинд хоногшсон нь цөөн биз ээ. Ээжийн тухай, түүнийг магтсан шүлэг, найраглалыг бид олон сонсдог. Харин аавын тухай шүлгийг чээжээр хэлэх нь өдрийн од мэт ховор тохиол байж мэднэ.
Өнөөдөр “Аавуудын өдөр” тохиож байна гэхэд зарим нь “Хятадаас гаралтай баяр шүү дээ” гэж хэлж магадгүй. Гэвч манайд эрэгтэй хүнд зориулсан баярын өдөр тусгайлан нэн ховор. Адаглаад ямарваа нэг баяраар баярлаж өнгөрөөх нь ч эрэгтэй хүний хувьд цөөн байдаг. Монгол эр хүн гэдэг гүндүүгүй, чимээгүй нэгэн. Тэр олон зүйл бодож, сэтгэлдээ хадгалдаг ч үгээр илэрхийлэх нь ховор. Харин үр хүүхэд, ижил ханьдаа “уул” мэт бат бөх түшиг тулгуур болдог. Өвдөхдөө ч шүд зуун тэвчиж, бусдын санааг чилээхгүй өнгөрөх тийм л уужуу бодолтой, нам гүм хүн бол аав.
Ээж, аав хоёр хоёулаа байхад үр хүүхэд юугаар ч дутахгүй баян мэт. Гэвч 2023 оны байдлаар Монголд 11,950 аав өрх толгойлж амьдарч байна. Энэ нь өрх толгойлсон ээжийг бодвол гурав дахин бага тоо хэдий ч тэр хэмжээний хүүхдүүд хагас өнчин өсөж буй гэсэн үг. Статистик мэдээнээс харахад энэ тоо сүүлийн 20 жилийн судалгаанаас үзэхэд хамгийн бага. 2003 онд 18 мянга байсан бол 2012 онд 30 мянга буюу оргил үедээ хүрчээ. Харин түүнээс хойш аажмаар буурсаар 2023 онд 11 мянга болжээ.
Сошиал орчинд жендерийн тэгш бус байдлын талаар их ярьдаг. Эрэгтэй хүн рүү чиглэсэн нийгмийн хэвшмэл ойлголтуудыг энгийн байх ёстой зүйл мэт үздэг. Сүүлийн үед хүний эрх, тэр тусмаа хүйсийн ялгавартай байдлыг иргэд ойлгож эхэлснээр хүмүүсийн хандлага арай өөрчлөгдсөн мэт. Гэхдээ бидний аав, ах нар өөрт тохиосон зүйлсээ үргэлж дотроо хадгалж ирсэн учраас энэ зангаараа л хорвоог туулж байна. Тэд үгнээс илүү үйлдлээрээ, чимээгүй хүчээрээ хайр, үүргээ илэрхийлдэг.
Өнөөдөр бид зөвхөн төрсөн аавдаа бус, гэр бүлийн хүрээнд аавын үүрэг гүйцэтгэж буй бүх хүмүүст талархъя.
Эрэгтэй хүн бүр өөрийнхөөрөө хайрлаж, хамгаалж, түшиж тулж байдаг. Тиймээс аавуудыг хүндэтгэх энэ өдөрт бид хүн бүхний сэтгэлд аавын байр суурь, хайр, үүрэг оршин байдаг гэдгийг санаж, талархахыг уриалъя.
Чимээгүй боловч бат бөх тэр хайр, хүч, итгэлд бүх аавууддаа баярлалаа гэж хэлцгээе.