Нүүр хуудасМэдээМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

Он солигдох торгон мөчид өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эх орныхоо дархан хилийг манаж буй хилчид, цэрэг дайчид, албан үүргээ гүйцэтгэж буй эмч сувилагч, цагдаа, онцгой байдал, эрчим хүч, нийтийн үйлчилгээний салбарын төрийн албан хаагчиддаа нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

Дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа Монголчууд, даян дэлхийд тархан суурьшсан Монгол туургатнууд аа,

Улиран одож буй 2021 он Цар тахлыг даван туулахын төлөө хамтын хүчээр тэмцсэн түүхэн он байлаа.

Цар тахлаас үүдэж, -5.3 хувь хүртэл агшсан эдийн засгаа 2021 оны эцсийн дүнгээр 3.4 хувийн өсөлттэй гаргаж чадлаа. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний үр дүнд иргэн, аж ахуйн нэгжүүд энгийн амьдралын хэмнэлдээ үе шаттайгаар шилжиж, хичээлийн шинэ жилийг танхимаар эхлүүлж, шинэ оноо хатуу хөл хориогүйгээр хамтдаа угтаж байна.

Энэ бүхэн цаг алдалгүй вакцинжуулалтын ажлыг шуурхай зохион байгуулж, нийт иргэд идэвхтэй хамрагдсаны үр дүн билээ.

Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар батлуулж, боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийн 6 багц асуудлыг шинэ оны эхний өдрөөс эхлэн эрчимтэй хэрэгжүүлэхэд бэлэн боллоо.

Монгол Улсын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь зөвхөн нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай гашуун үнэнийг 2021 он бидэнд бүр ч илүү ойлгууллаа.

Цар тахал хэр удаан хугацаанд үргэлжилж, хичнээн удаа хувьсан өөрчлөгдөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдрийг хүртэл бүрэн тодорхойлж чадахгүй байна. Цар тахлаас үүдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт, Омикрон вирусийн тархалт шинэ оны томоохон сорилт болохыг дэлхийн эрүүл мэнд, банк санхүүгийн байгууллагууд онцолсоор байна.

Цар тахал өөрөө ер бусын нөхцөл байдлыг үүсгэж байгаа учраас Цар тахлын хямралыг даван туулах шийдэл ч мөн Та биднээс илүү эв нэгдэл, хамтын ажиллагаа, зориг тэвчээрийг шаардаж байна. Монголчууд бид энэхүү сорилтоос гарах цорын ганц арга зам бол эдийн засгийн эрчимтэй өсөлт юм аа.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон жил гацсан Оюу толгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ирэх жил эхлүүлэх боломж бүрдэнэ. Оюу толгойн хэлэлцээрийн үр дүнд 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор, Оюу толгой төслийн Монголын талын эзэмших 34 хувь үнэ төлбөргүй ирж, Монголчууд бид анх гэрээ байгуулж байсан ТЭГ гараан дээрээ дахин ирлээ. 

“Шинэ сэргэлтийн бодлого” амжилттай хэрэгжсэнээр эдийн засаг 2 дахин тэлж, 285 мянга гаруй ажлын байр шинээр нэмэгдэж, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөл хангагдаж, цар тахлын хүндрэлээс эдийн засгаа аварч чадна гэдэгт Ерөнхий сайдын хувьд бүрэн итгэлтэй байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар хөгжлийн бодлогыг нэгэн цонхоор харж, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг цогцлоохын төлөө хамтдаа зүтгэх болно.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд “Эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдал, цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгаа сэргээх үйлсэд иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцогтун” хэмээн уриалж байна. 

Амны бэлгээс ашдын бэлгэ хэмээн Монголчууд бид ярьдагчлан айлчлан ирж буй 2022 онд хүн төрөлхтөн Цар тахлыг бүрэн ялж, эдийн засгаа сэргээж, энгийн амьдралаа эргүүлэн авчирч чадна гэдэгт итгэж байна.

Шинэ жилийн баярын мэнд хүргэе!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН