Нүүр хуудасМэдээМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен нар...

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен нар албан ёсны хэлэлцээ хийв

БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийв. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

Талууд “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд зээл авах тухай”, “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай”, “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай” хэлэлцээр болон Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

БНСУ-ын Засгийн газраас авах 700 сая ам.доллартай тэнцэх воны хөнгөлөлттэй зээл 0,2 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм. Энэ зээлийг 2019 он дуустал хугацаанд авах бөгөөд агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулахаар төлөвлөж байна.

Харин Санамж бичиг байгуулснаар хоёр орны хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН