Нүүр хуудасМэдээМонгол Улс, ХБНГУ хоорондын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав

Монгол Улс, ХБНГУ хоорондын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Төрийн айлчлалын үеэр “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Cтратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны Төрийн сайд Тобиас Линднер нар гарын үсэг зурав.

Хоёр улс 2008 оноос Иж бүрэн түншлэлийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн бөгөөд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын  төрийн айлчлалын үеэр харилцааны түвшинг шат ахиулж, Стратегийн түншлэл байгууллаа.

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглал

1. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийв. Төрийн айлчлалын үеэр Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол, Германы ард түмний 100 орчим жилийн нөхөрлөл,  түүнчлэн 1995 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын харилцааны үндсийн тухай хамтарсан тунхаглал”, 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр байгуулсан “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Иж бүрэн түншлэлийн харилцааны тухай хамтарсан тунхаглал”-аар бэхэжсэн Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын дипломат харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн ололт амжилтыг сайшаав. Талууд мөн “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-той уялдсан хоёр улсын хоорондын улс төр, аюулгүй байдал, ардчилсан засаглал, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, байгаль орчин, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хөгжлийн хамтын ажиллагаа, иргэний нийгэм, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны чухал үр дүнг мөн онцлон тэмдэглэв.

2. Талууд Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын зарчим, “Гуравдагч хөрш”-ийн бодлого болон энх тайван, аюулгүй байдлыг хангах, олон улсын эрх зүйд суурилсан дэг журам, байгаль орчныг хамгаалах чиглэлээрх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын үүрэг амлалт, тууштай хүчин чармайлт, бодлогыг уялдуулан ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, зах зээлийн эдийн засгийн зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан хоёр талын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж, шат ахиулахаар шийдвэрлэв.

3. “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэв:

     3.1 Улс төр, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлнэ, энэ хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлнэ; бүс нутаг болон олон улсын байгууллагын хүрээнд олон талт хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлнэ, тухайлбал НҮБ төвтэй олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй хувь нэмрээ оруулах зорилгоор Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болох эрмэлзлийг Монгол Улс тууштай дэмжинэ; үй олноор хөнөөх зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх чиглэлээрх хүчин чармайлтад талуудын оруулсан хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлнэ; НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хамтын хүч чармайлтаа үргэлжлүүлнэ, энэ хүрээнд батлан хамгаалах салбарын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана,

     3.2 Ардчилал, эрх зүйт ёс, ил тод байдал, сайн засаглал, ардчилсан парламентын тогтолцоо, иргэний нийгэм зэрэг үнэт зүйлийг бэхжүүлнэ; ялангуяа хоёр талын парламентын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, шүүх болон хууль эрх зүйн шинэчлэлийн төлөөх монголын талын хүчин чармайлтыг германы тал үргэлжлүүлэн дэмжинэ; иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлж, орон нутгийн түншлэл, улс төрийн сангуудын үйл ажиллагаа, жендерийн тэгш байдал, феминист гадаад бодлого, хөгжлийн бодлогыг дэмжинэ, 

    3.3 “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод уялдуулан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлнэ; тухайлбал, тогтвортой бизнес, жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулан, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлнэ,

    3.4 Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд болон жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнээнэ хүрээнд монгол оюутнуудыг Герман Улсад дээд болон мэргэжлийн боловсрол эзэмшихийг дэмжсэн Монгол Улсын “Илгээлт 2100” санаачилга болон бусад тэтгэлэгт хөтөлбөрийг нэмэгдүүлэх чиглэлээр талууд хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр болов. Мөн Герман Улсын мэргэжлийн боловсролын сургалтын тэргүүн туршлагыг нэвтрүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. Талууд шинжлэх ухаан, судалгааны хамтын ажиллагааг эрчимжүүлж, Герман дахь Монгол судлал, Монгол дахь Герман судлалыг үргэлжлүүлэн дэмжихээр мөн тохиролцов,

     3.5 Харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлнэ, энэ хүрээнд археологийн судалгаа, уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааг урагшлуулна, тухайлбал “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлж, уг хэлэлцээрээр байгуулсан “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль”-ийг тууштай дэмжинэ,

     3.6 Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүний аюулгүй байдал, энх тайванд үзүүлж буй сөрөг нөлөөллийг нь бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах болон тусгай хамгаалалттай газруудын тогтвортой менежментийг сайжруулахад хамтран ажилланаэрчим хүчний аюулгүй байдлыг хангах, ногоон эрчим хүчний шилжилтийн төлөөх нийтлэг зорилт болон Монгол Улсын нар, салхины эрчим хүчний үлэмж нөөцөд суурилан сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгч болон эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх технологийг нэвтрүүлнэ, чингэхдээ энэ нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн зөв шилжилт хийхэд чухал алхам  болно гэдгийг харгалзаж, үүнд чиглэсэн бодлогоо сайжруулна, энэ хүрээнд хөрөнгө оруулалтын гэрээнүүд, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт байгуулсан гэрээг монголын тал бүрэн хэрэгжүүлнэ,

   3.7 Усны нөөц, ойн санг хамгаалах, цөлжилттэй тэмцэхэд хамтын ажиллагааг бэхжүүлнэ,  энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжинэ.  

4. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг дээр дурдсан салбар, чиглэлүүдээр гүнзгийрүүлэхэд хоёр улсын харилцааны тогтсон механизмууд, хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоо, хувь нэмэр чухал ач холбогдолтойг талууд онцлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН