Нүүр хуудасМэдээМонгол, Япон сурагчдын анхны хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн гарна

Монгол, Япон сурагчдын анхны хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн гарна

Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны урилгаар Япон Улсын Хоккайдо мужийн Хигашикава хотын удирдлага болон тус хотын дунд сургуулийн сурагчид, Японы гэрэл зургийн холбооны зочид төлөөлөгчид Монгол Улсад 10 дугаар сарын ихээр айлчилна.


Хигашикава хот “Гэрэл зургийн соёл”-оор дамжуулж хот ба хөдөөгийн соёлын уялдаа холбоог эрхэмлэн хадгалсан, олон улсад нээлттэй, залууст ээлтэй хотыг бүтээх зорилгын дор хөгжлийн бодлогоо “Гэрэл зургийн хот” хэмээн тодорхойлж гэрэл зургийн олон улсын фестиваль, үйл ажиллагааг өргөн хүрээнд тогтмол зохион байгуулдаг юм. Энэ удаагийн айлчлалын хүрээнд монгол, япон сурагчдын хамтарсан “Oneness” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, “Гэрэлт ертөнц-0.5 секундын зун” кино үзвэрийн нээлт болон бусад соёлын үйл ажиллагааг зохион байгуулна.

“Oneness” гэрэл зургийн үзэсгэлэнд Япон улсаас Хоккайдо мужийн Хигашикава хотын дунд сургууль, Мияаги мужийн Широиши техникийн ахлах сургууль, Монгол Улсаас нийслэлийн Сүхбаатар дүүргийн  Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль, Шинэ эхлэл сургууль, Олонлог Академи Сургууль, нийслэлийн ерөнхий боловсролын 5-р сургууль, Монгол-Оросын хамтарсан сургууль, Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургууль, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын Дарын цогцолбор сургуулийн сурагчид бүтээлээрээ оролцох юм.

Хигашикава хотын тухайд Олон улсын хүүхдийн “Хигашикава” фото зургийн фестиваль, уралдааныг жил бүр зохион байгуулдаг. Сүүлийн гурван жилд монгол хүүхдүүд амжилт гаргаж, тэргүүн байруудыг нь хүртээд байгаа юм.

“Гэрэлт ертөнц-0.5 секундийн зун” уран сайхны кино нь Токиогийн олон улсын кино наадмын шилдэг бүтээлээр шалгарч байсан бөгөөд Япон Улсын ахлах сургуулиудын гэрэл зургийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс сэдэвлэсэн бүтээл юм. Өөрөөр хэлбэл, гэрэл зургаар дамжуулан өсвөр насны хүүхдийн хүсэл тэмүүлэл, нөхөрлөлийн нандин холбоог харуулсан.

Энэхүү соёлын солилцооны хөтөлбөр, арга хэмжээг Монгол Улсын Соёлын Яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар дэмжин ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН