Нүүр хуудасМэдээМУДШ: Шүүхийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд зарим хууль тогтоомжийг боловсронгуй болгох...

МУДШ: Шүүхийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд зарим хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал солилцлоо

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Улсын дээд шүүх дээр ирж танилцан, уулзалт хийлээ. Уулзалтад Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын үеэр Улсын дээд шүүхийн Захиргаа болон Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн нар шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд  зарим хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай саналаа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад уламжиллаа.

Тодруулбал, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас “Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор зарим хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаарх саналаа  хууль санаачлагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн” асуудлуудын үндэслэл, судалгааг дэлгэрэнгүй танилцууллаа.

Мөн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй зарим хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүхийн шийдвэрийг гардуулах, танилцуулах харилцааг хууль, журмаар нарийвчлан зохицуулах, мөн давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг доод шатны шүүх болон прокурорт буцаахгүйгээр хэрэг хянан хэлэлцэхтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг мөн хуулийн бусад зүйл, хэсгүүдтэй уялдуулах байдлаар хууль, эрх зүйн орчноо сайжруулахаар санал солилцож, хууль тогтоогч болон холбогдох байгууллагад уламжлахаар тогтлоо.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнүүдийн саналыг сонсож, Улсын дээд шүүхээс тавьж байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Байнгын хорооны гишүүддээ танилцуулж,  ажиллахаа мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН