Нүүр хуудасЯрилцлагаМэргэжлээ зөв сонговол Австралийн ногоон визтэй болох боломжтой

Мэргэжлээ зөв сонговол Австралийн ногоон визтэй болох боломжтой

Гэр бүл, дассан орчноосоо холдон явж, таньж мэдэхгүй газар, шинэ хүмүүстэй мөр зэрэгцэн өөрийгөө хөгжүүлэхээр зориг шулуудан явсан хэн бүхэнд харь оронд хэцүү санагддаг биз ээ. Өөрийн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн, сонголтондоо тууштай байж чадсан хүмүүсийн амжилтын түүх, амьдралын замналыг олонтаа уншиж байлаа. Яг л ийм нэгэн төлөөлөлтэй энэ удаагийн ярилцлагаа өрнүүллээ. Түүнийг Б.Саруул гэдэг. Өдгөө Австрали улсын Сидней хотод амьдарч, мөрөөдлөөрөө амьдарч яваа залуу үеийн төлөөлөл юм.  

Сайн байна уу? Монголд өвөл, тэнд дэлгэр зун үргэлжилсэн өдрийн мэнд. Манай Манд.мн сайтын уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Намайг Батцэнгэлийн Саруул гэдэг. Одоо 19 настай. 2022 онд 12 жилийн сургуулиа төгссөн.

Аль улсад амьдарч байна бэ?

Би Орхон аймагт амьдарч байсан. Гадаад улсад суралцахаар шийдээд одоо Австрали улсын Сидней хотод амьдарч  байна.

Яагаад Австрали улсыг сонгосон бэ? Одоо зун болж байна уу?

Бакалаврын түвшний мэргэжил эзэмших гэж энэ улсад ирсэн. Багаасаа гадаадын их сургуульд сурна гэж бодож, тэр дундаа Австралид суралцах мөрөөдөлтэй байсан болохоор сонгосон юм. Тиймээ одоо энд дэлгэр зуны дулаахан өдрүүд үргэлжилж байна.

Очсон анхны сэтгэгдэл ямар байсан бэ? Монголд байхдаа Австрали улсыг хэрхэн төсөөлж байв. Яг очоод бодсон бодлоос нь хэр өөр байв?

Анх ирээд киноны сценд орсон юм шиг санагдаж энд байгаадаа итгэж өгөхгүй байсан. Би энэ хотод өндөр өндөр барилгууд булан тохойгүй байна даа гэж бодсон ч яг үнэндээ ногоон байгууламж ихтэй, модоор дүүрэн газар байсан. Монголд байхдаа энэ улсын талаар имж амьдардаг гэдгээс өөр зүйл бодогдоогүй. Яг үнэндээ Сиднейн амьтны хүрээлэнгээс л харах боломжтой юм билээ.

Сидней хотод ирээд хэнтэй амьдарч байна вэ? Хамаатан садан эсвэл ганцаар уу?

Одоогоор аавын дүү буюу ахындаа амьдарч байна.

Амьдрах орчин хэр өөрчлөгдсөн бэ? Монголд байснаас Сиднейд очоод өөрчлөгдсөн зүйл? Цагийн зөрүү хэд вэ?

Хамгийн их өөрчлөгдсөн зүйл нь цаг агаар байсан. Зун нь маш халуун энгийн өдөр л 20 хэм хүрчихдэг. Өвөл нь зөвхөн уулархаг газраараа л цас ордог. Монголд өвөл болж байхад энд зун, энд зун болоход Монголд өвөл болдог. Цагийн зөрүүний хувьд гурван цагаар түрүүлж явдаг.

Хэлний бэлтгэлд хэзээнээс явж эхэлсэн бэ? Монголоор биш Англи хэлийг англи хэл дээр сурах ямар байна вэ?

Хэлний бэлтгэлд яваад 10 сар болж байна. Англи хэлийг англи хэл дээр сурах нь хамгийн үр дүнтэй арга байсан. Энд олон улсын хүмүүстэй уулзаж олон янзын аялгатай, ярианы хэв маягтай хүмүүстэй харилцаж байна. Бас олон улсын соёл хэлийг ч суралцах боломж гарсан. Жишээлбэл Япон, Солонгос, Бразиль найзуудтай болсон. Тэдний соёлоос суралцан өөр хоорондоо ойлголцож сурч байна.

Халаасны мөнгөө хэрхэн зохицуулж байна вэ? гэр бүлээс үү, өөрөө ажил хийж байна уу?

Өөрөө хичээлийнхээ хажуугаар цагаа зохицуулаад ажилладаг. Гэрийхнээсээ аль болох мөнгө авахгүй өөрийгөө болгохыг хичээж байна даа.

Хичээлийнхээ хажуугаар ажил хийх боломж нь хэр вэ?

Сурагчийн визтэй болохоор долоо хоногт 20 цаг ажиллах боломжтой байдаг. Бүтэн буюу тогтмол хуваарийн дагуу ажилладаг ажилтан болон цагийн ажилтан гэж байдаг. Бүтэн цагийн ажил нь цагийн ажлаа бодвол цалингийн хувьд арай илүү байдаг. Өмнө нь гэхэд л би гурван өөр ажил хийдэг байсан. Амралтын өдрөөр зөөгч бусад ажлын өдрүүдээр хичээлийнхээ хажуугаар зайрмаг, ундаа зарах гэх мэт дулаан байх үед олдсон ажлуудыг хийж байсан. Харин өвөл болоход гадаа зайрмаг зарах боломжгүй болдог тул өөр ажил хайх гэх мэтээр. Нэг ажилд өдөртөө дөрвөөс таван цагийг л зарцуулдаг.

Монголыг бодвол бараа бүтээгдэхүүний үнэ нь ямар вэ? Эрүүл хүнс гээд л гадаадад амьдарч байсан хүмүүс ярьдаг шүү дээ. Хоол тэжээлийн хувьд өөрчлөгдсөн үү?

Монголыг бодвол бараа үнэтэй шүү. Гэхдээ цалин нь ч түүнийгээ дагаад их байдаг тул харьцангүй гайгүй. Гоо сайхандаа анхаарах, биеэ чийрэгжүүлэх гэх мэт зүйл дээр их хэмжээний мөнгө шаардагддаг. Хоол хүнсний хувьд манай ах эгч хоёр эрүүл хооллодог хүмүүс тул би тэд нарыгаа дагаад эрүүл хооллолтын аргад суралцаж байгаа. Эрүүл хүнс нь лаазалсан, нөөшилсөн бүтээгдэхүүн, чихэр, чипсийг бодвол илүү хямд байсан. Монголд байхдаа эрүүл хооллолтонд анхаарахгүй цардуул ихтэй, чихэр, ундаа их хэрэглэдэг байсан бол энд ирээд өөрчлөгдсөн.

Монголд нэг цаг ажилууллаад үнэлэх мөнгө, Австралид үнэлэх үнэ хоёр өөр үү?

Монголд ажиллах цагийн хөлснөөс хамаагүй ихээр үнэлдэг ч бараа бүтээгдэхүүний үнэ их, тээврийн зардал их байдаг тул ажлын хөлс маань яг л хүрдэг дээ. Харин Монголд цалин бага ч зардал ихтэй байдаг.

Байрны зардал, амьдрах зардал ямар байдаг вэ? Байрны төлбөрөө долоо хоногоор төлдөг гэж сонссон. Ажилласан цалингаа ч долоо хоногоор авдаг билүү?

Байрны төлбөр хоёр долоо хоногт нэг удаа төлдөг. Цалин ч мөн адил 7-14 хоногт бодогддог. Зарим газар долоо хоногоор эсвэл хоёр долоо хоногоор хамгийн ихдээ өгдөг.

Тэтгэлэг авалгүй өөрийн зардлаар ирэхэд хэр хүндрэлтэй байх вэ? Тэтгэлэг их байдаг уу?

Тэтгэлэг мастерын зэрэг дээр олгогддог бөгөөд нэлээд сайн судлах хэрэгтэй. Бас Монголдоо байхдаа Англи хэлээ сураад ирвэл ядаж хэлний бэлтгэл гэж цаг алдалгүйгээр хүссэн мэргэжлээрээ шууд суралцах боломжтой.

Зарим хүмүүс гадаад улс оронд оччих л юм бол сайхан амьдарна гэдэг ойлголттой байдаг шүү дээ. Өөрөө ч гэсэн анх тэгж л бодсон байх. Одоогийн бодол ямар байна вэ?

Бага байхаас гадаадад амьдардаг ах эгч нараас мөнгө, бэлэг сэлт ирдэг байсан. Бас гоё газруудаар явсан зургаа явуулж, тэр орчинд нь буй хүмүүс гоё гоё зүйл ярьдаг байсан тул гадаадад амьдрах боломж илүү их байдаг гэж бодсон. Одоогийн бодол гэвэл боломж нь бол байдаг юм байна. Энд ирээд хичээгээд л байвал болох юм байна. Миний бодсоноос өөр байгаа зүйл нь яалт  ч үгүй амьдралын хэв маяг. Би өөрөө их тайван харин эндэхийн хүмүүс хурдан хэв маягтай амьдардаг юм байна гэдгийг ойлгосон. Эсвэл магадгүй дөнгөж 12 жилээ төгсөөд ирсэн болохоор тэгж санагдаж байж болно.

Хэрхэн ногоон визтэй болох вэ? Ногоон визтэй болоход нөлөөлөх ажил мэргэжил гэж байдаг уу? Ямар ямар мэргэжил байдаг вэ?

Ногоон визтэй болох боломжтой. Австралийн засгийн газрын үнэгүй сайтаас ногоон визтэй болоход хэрэгтэй мэргэжлүүдийг харж болно. Бас нэг нь cricos.education.gov.au гэх сайтаас ямар мэргэжлээр болон ямар зэргээр сурч болдог вэ гэдгийг хайж болдог сайт бий. Маш олон төрлийн мэргэжлүүд үүнд багтдаг. Миний судалснаар хамгийн эрэлттэй нь сувилагчийн мэргэжил байсан. Яг энэ мэргэжлээр сураад төгсөөд ажиллаад эхлэхэд ногоон виз баталгаатай гардаг.

За надтай бяцхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Цаашдын сурлага хөдөлмөрт нь томоос том амжилт хүсье.

Баярлалаа. Танай хамт олонд ч бас амжилтыг хүсье.

Харь орныг зорин, сурах их үйлсдээ хөтлөгдөн явсан бүх сайхан оюутан залуусдаа амжилтын дээдийг хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН