Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой бизнес эрхлэгчдийн байр суурь, шийдлийн талаар зөвлөлдөх уулзалтад МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо болон тамхи импортлогч компаниуд, жижиглэн худалдаа эрхлэгчид оролцсон зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа. Уулзалтаар шинэ зохицуулалтын бизнесийн орчинд үзүүлэх нөлөөлөл, үйлдвэрлэлийн бодит боломж, эрсдэлийн талаар санал бодлоо солилцож, дараах байр суурийг илэрхийлэв.

Амт, үнэр оруулагчийг хориглох заалт нь үйлдвэрлэлийн үндсэн горимыг алдагдуулах эрсдэлтэй Хууль санаачлагчдын зүгээс тамхины амт, үнэр оруулагч бодисыг хориглох санал нь үйлдвэрлэлийн суурь технологид харш үзүүлэхээр байна. Амт, үнэр оруулагч нь “амт нэмэх нэмэлт бодис” төдий бус, тамхины чийгшил, холимгийн тогтвортой байдал, бүтээгдэхүүний жорыг хадгалах технологийн зайлшгүй элемент гэдгийг үйлдвэрлэгчид тодотгов.

Энэхүү орцыг хасах нь Монгол Улсад үйлдвэрлэгдэж буй болон зах зээлд худалдаалагдаж буй хууль ёсны тамхины үйлдвэрлэлийг техникийн хувьд боломжгүй болгож, бүтээгдэхүүний жор алдагдах, чанар муудах, улмаар үйлдвэрлэл бүрэн зогсох эрсдэлтэй гэж үзэхээс гадна хууль ёсны бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхгүй тохиолдолд зах зээл хоосон үлдэхгүй бөгөөд хяналтгүй, гарал үүсэл нь тодорхой бус, хүнд металл зэрэг хорт бодис агуулсан байж болзошгүй хууль бус бүтээгдэхүүний урсгал нэмэгдэх аюултайг оролцогчид анхааруулав. Энэ нь хэрэглэгчийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулахаас гадна хууль ёсны үйлдвэрлэгч, импортлогчдын үйл ажиллагаа, татварын орлогод сөргөөр нөлөөлөхөөр байна.

Мөн оролцогчид анхааруулгын зургуудын талбайг 70 хувьд хүргэх заалт шилжилтийн хугацаагүй нь бодитой бус гэдгийг хэлээд хууль санаачлагчдын савлагаан дээрх анхааруулгын зургуудын эзлэх талбайг 70 хувьд хүргэх саналд бизнес эрхлэгчид зөвшөөрч болох ч хэрэгжүүлэх хугацаа тогтоогоогүй нь боломжгүй нөхцөл байдал үүсгэж байгааг хэллээ.
Тамхины савлагааг гадаадад хэвлэдэг тул шинэ цилиндр, шинэ материал захиалах, үйлдвэрлэлийн шугамыг тохируулах зэрэг бүх үйл явцын дарааллыг харгалзан үзвэл үйлдвэрлэлийн цикл шинэчлэхэд дор хаяж 1.5 жил шаарддаг. Шилжилтийн хугацаа тогтоохгүй бол үйлдвэрлэл зогсож, улмаар худалдааны цэгүүдэд хууль ёсны, татвар төлдөг бүтээгдэхүүний хомсдол бий болох, хуурамч худалдааны эрсдэл нэмэгдэх нь тодорхой байна.

Оролцогчид хуульд өөрчлөлт оруулахдаа үйлдвэрлэлийн техник, логистикийн нөхцөлд тулгуурласан, бодит хугацаатай зохицуулалт хийх шаардлагатайг санал нэгтэйгээр илэрхийлэв. Шинэ савлагааны загвар гаргах, хэвлэгч үйлдвэрийн дараалалд орох, материал татан авах, бүтээгдэхүүн шинэчлэх, түгээлтэд шилжих зэрэг бүх үе шат тодорхой хугацаа шаарддаг бөгөөд эдгээрийг үл харгалзсан зохицуулалт нь бизнесийн үйл ажиллагааг саармагжуулах эрсдэлтэй гэж үзжээ. Шинэ зохицуулалт нь хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалах ач холбогдолтой ч үйлдвэрлэлийн технологи, техникийн нөхцөл, зах зээлийн бодит байдалтай уялдахгүй бол хэрэгжих боломжгүй болохыг онцоллоо.
Хэрэв зохицуулалтыг нэн даруй, шилжилтийн хугацаагүйгээр хэрэгжүүлбэл хууль ёсны үйлдвэрлэл зогсож, хууль бус бүтээгдэхүүний урсгал нэмэгдэх, улсад төвлөрөх татварын орлого буурах, бизнесийн орчин тогтворгүй болох зэрэг эрсдэл гарна гэж мэдэгдэв.
Уулзалтын төгсгөлд бизнесийн төлөөллүүд дараах шийдлүүдийг санал болголоо.
1.Шинэ шаардлагуудыг хэрэгжүүлэхэд 18–24 сарын шилжилтийн хугацаа тогтоох
2.Амт, үнэр оруулагч бодисын техникийн ангилал, стандартыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран тодорхой болгох
3.Хууль боловсруулах шатанд бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, тогтмол зөвлөлдөх механизм бий болгох хэрэгтэйг хэллээ.





