2001 онд байгуулагдсан “Мөнхийн реп” хамтлаг өнөөдөр 20 жилийг хамтдаа өнгөрүүлж, дуунд нь дуртай залуустайгаа хамт 20 жилийг өнгөрүүлжээ. Тэд ойн хүрээндээ ирэх хавар тоглолт хийхээр төлөвлөж байгаа бол он дуусахаас өмнө шинэхэн дуугаа фенүүддээ хүргээд байгаа юм.
“Дурсаж үлдмээргүй” нэртэй шинэхэн дуу нь “Жинхэнэ хайр байдагт итгэдэг” залуусын жинхэнэ сонсох дуу болсон байх юм.
Аргагүй л охидын анхаарлыг олон жилийн турш татаж, хайрын тухай дууг уяртал дуулдаг залуус шинэ дуугаараа ч агуулга болоод өнгө төрх стилиэ алдсангүй. 10 жилийн өмнө ч, 20 жилийн өмнө ч яг л ийм явсан залуусын уянгын дахилттай хайрын дуунууд хэзээ ч моданаас гарахгүй нь мэдээж бизээ.
Зүгээр л тайзан дээрээ дуугаа дуулаад, “Мөнхийн реп” гэж орилоход урам кайф авдаг гэж ярих дуртай залуус нээрэн л репдээ үнэнч түүнийгээ мөнх байлгах үйлсээ алдахгүй явна. Одоогоос олон жилийн өмнө панограмм 25 мянга, бичлэг 150 мянга байх үед дуугаа бичүүлэх гэж шөнө болтол хүлээж коридорт унтаж байгаад бичлэгээ хийдэг байсан түүх ч тэдэнд бий. Хөдөлмөрч, шантрашгүй тууштай, урлагтаа хайртай залуус өнөөдрийг хүртэл олныхоо дунд “Мөнхийн реп” гэсэн нэрээрээ үлдэж, хүндлэгдэж байгаа. Тэдний дуунд дуртай, хайртай тэр үеийн залуус, шинэ үеийн залуус бүгд ирэх 2022 оны хавар “Мөнхийн реп” хамтлагийн тоглолтоор уулзах нь ээ.