Нүүр хуудасМэдээМ.Золбоо: Авто замын нүхэн гарц бол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах инженерийн байгууламж...

М.Золбоо: Авто замын нүхэн гарц бол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах инженерийн байгууламж юм

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барьж байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулахаар төлөвлөж, зураг төсөл, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлж буюу Сонгинохайрхан дүүргийн Таван шарын нүхэн гарцыг өнгөрсөн 9 дүгээр сард ашиглалтанд оруулсан. Дараагийн төслүүдийн ажлын явц, хэрэгжилтийн талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН”-ийн авто замын инженер М.Золбоогоос тодрууллаа.

-Авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн их тулгамддаг асуудал нь газар чөлөөлөлтийн ажил болохыг мэргэжилтнүүд дурддаг. Тэгвэл төмөр замын доогуур нүхэн гарц барих төслийн тухайд газар чөлөөлөлтийн ажилд хэр зэрэг хугацаа зарцуулж байна вэ?

-Төлөвлөлтгүйгээр олон жилийн турш эмх замбараагүй газар олгосноос үүдсэн хохирлыг өнөөдрийн Улаанбаатарын түгжрэлээс харж болно. Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлэхэд ч зам, гарц гаргах боломжгүй байдалтай нүүр тулдаг. Гэхдээ бид төслийг шуурхай явуулах үүднээс аж ахуйн нэгж байгууллагуудтай байнга зөвшилцөн ажиллаж байна. Тухайлбал, Геологийн төв лабораторийн уулзвар дахь нүхэн гарцын төслийг хэрэгжүүлэх явцад 20 нэгж талбар өртсөн. Үүнээс зургаан нэгж талбарыг чөлөөлж гэрээ хийгээд байна. Үлдсэн талбарт нь нөхөх олговор олгох зэрэг иргэн, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөх ажил үргэлжилж байгаа. Эдгээр ажилд чирэгдэл учруулахгүйгээр зөвшилцөж газраа чөлөөлж өгсөн компани, иргэд ч бий. Мөн шүүхийн маргаан үүсгэсэн тохиолдол ч гарсан. Харин Геологийн төв лабораторийн байршлын хувьд, хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй байхаар төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар хойноос урагш зорчих хэсгийн тунелийн төмөр бетон хийцлэл дууссан. Ирэх хавар гэхэд урдаас хойшоо чиглэлийн тунель хийгдэнэ. 

-Хермес төвийн байршлын хувьд?

-Тус байршлын газар чөлөөлөлтийн ажил ерөнхийдөө дууссан гэж хэлж болно. Бүтээн байгуулалт буюу тунелийн их биеийн төмөр бетон хийцлэлийн ажил дууссан. Ирэх хавар дулааны шугам сүлжээ шилжүүлгийн ажлыг хийсний дараа урьдчилан бэлтгэсэн технологийн дагуу түлхэх технологиор төмөр замын доор байршуулна. Дараагийн ажил бол Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзварт барих нүхэн гарцын төсөл юм. Одоогоор зураг төслийн ажил хийгдэж байна. 

-Төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц гэдэг нь цогцоороо ямар ойлголт вэ?

-Олон нийтийн дунд нийтлэг ташаа ойлголт байгаа нь вагон зам доогуур нүх ухаад зам барьчихсан мэт ярьдаг. Тийм биш л дээ. Нүхэн гарцын бүтээн байгуулалт бол их бие тунель, холбоос авто замууд, гэрлэн дохио, явган хүний нэг түвшний гарц болон төмөр замтай өөр түвшинд огтлолцох гарц, босоо, хэвтээ замын тэмдэг тэмдэглэгээ, ус зайлуулах систем, мэдээлэл холбооны шугам сүлжээ, дулаан, цахилгаан, шилэн кабель зэрэг зам, замын байгууламжийн цогц ойлголт юм. 

Нүхэн гарц доогуур инженерийн шугам сүлжээний ажил өрнөдөг. Тухайлбал, үерийн ус хаанаас орж болзошгүйг урьдчилан тооцоолж, түүнийг зайлуулах, хөөх насос хэрэгтэй. Таван шарын нүхэн гарцын хувьд, тус бүр нь 1400 м/куб ус шахах хүчин чадалтай, 3 хос насос байршуулсан. Бүх нүхэн гарцуудад яг ийм ус зайлуулах систем хийгдэнэ. Хамгийн чухал нь төмөр зам доогуурх нүхэн гарц бол хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах инженерийн байгууламж юм.

-Таван шарын нүхэн гарцын ажил бүрэн дууссан уу?

-Уг нүхэн гарц нь хоногт 32500 машин нэвтрүүлэх хүчин чадалтай 169 м/урт, 5м өргөн байгууламж юм. Одоогоор гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна. Явган хүний гарцын зохион байгуулалт, гэрэлтүүлгийн ажил удахгүй шинэчлэгдэж, ашиглалтад орно.

-Таван шарын нүхэн гарцын төсөл ашиглалтад орсноос хойш тус байршилд түгжрэл нэмэгдсэн тухай гомдол их байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Хотоос гарах хөдөлгөөн саадгүй үргэлжилж байгаа. Хот руу орох чиглэлийн гурван талаас цугласан зургаан эгнээ замаас гурван эгнээ рүү ороход түгжрэл үүсч байна. Түүнчлэн төмөр замын хаалттай гарам дээрх хөдөлгөөний аюулгүй байдал талаас ч олон эрсдэл дагуулж буй учир төмөр замын гармыг хаах шийдвэрийг холбогдох байгууллагууд гаргасан. Төмөр замын гарам татан буулгах тухай Зам, тээврийн сайдын тушаал гарсан байгаа. Урьдчилсан байдлаар энэ сарын 21-22 ны өдрүүдэд хөдөлгөөнийг хаахаар УБТЗ-аас бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Харин явган хүний хөдөлгөөн хэвийн үргэлжлэх бөгөөд гармын жижүүр зохицуулна.

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН