Өнөөдөр Улаанбаатар хотын Налайх, Багануур, Багахангай дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчид, МСҮТ-ийн оюутнууд, Англи хэл, Мэдээлэл зүйн багш нар, Төрийн албан хаагчид зэрэг 10 мянга гаруй хүнийг хамруулсан хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA онлайн англи хэлний сургалтын ТӨСЛИЙН НЭЭЛТ боллоо.
Дэлхийн 24 сая гаруй хүнийг технологийн дэвшил ашиглан англи хэлтэй болгосон хамгийн том онлайн сургалт EF EFEKTA төсөл Монголд анх удаа УИХ-ын Гишүүн С.Амарсайханы санаачилгаар ийнхүү хэрэгжиж эхлээд байна.
Олон улсын судалгаанаас харахад Монгол Улсын англи хэлний түвшин “БАГА” түвшинд нийт хүн амын 5-10 хувь нь англиар ярьдаг буюу дэлхийн 116 орноос 84-р байранд эрэмбэлэгддэг. Мөн Монгол улсад нийт 6200 гаруй англи хэлний багш байгаагаас 62% нь олон улсын стандартын шаардлага хангадаггүй, 38 хувь нь англи хэл заах олон улсын стандартыг хангасан түвшний мэдлэгтэй байна.
Тиймээс хүн амын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхийн тулд хиймэл оюун ухаан, технологийн дэвшил ашигласан “EF EFEKTA” онлайн англи хэлний сургалтын төслийг Монголд хэрэгжүүлж эхэллээ.
EF Efekta Монголд УИХ-ын гишүүн С.Амарсайханы дэмжлэгээр Улаанбаатар хотын Налайх, Багахангай, Багануур дүүргийн англи хэл, мэдээлэл зүйн 149 багш, 6800 гаруй сурагчид, орон нутгийн захиргааны төрийн албан хаагчдыг хамруулан хиймэл оюун ухаанд суурилсан англи хэлний сургалтын төслийг 6 сарын хугацаатай хэрэгжүүлнэ.
EF EFEKTA онлайн англи хэлний төслийн өнөөдрийн нээлтэд УИХ-ын Гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Боловсролын сайд П.Наранбаяр, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, ИЭФ Эфектагийн тэргүүн дэд захирал Саранжит Сангар, ИЭФ Эфектагийн Монгол дахь албан төлөөлөгч Т.Хишигдулам болон Багануур, Багахангай, Налайх дүүргийн ЕБС-ийн англи хэл, мэдээлэл зүйн багш нар, оюутан, сурагчид, эцэг эхчүүд оролцлоо.





