Аймаг, орон нутаг, нийслэлийн сонгуульд нам эвслээс нэр дэвшигчид тодрохтой зэрэгцэн бүх улс төрийн хүчинд гомдогсод аяндаа бий боллоо. Гомдсон хүмүүсийн зарим нь “Хандиваас шагнал авсан” гэх мэт материал задалсан бол нөгөө хэсэг нь толгой хорогдох газрын эрэлд гараад байна.
Д.Сумъяабазараар удирдуулан сонгуульд оролцох МАН-ын 45 нэр дэвшигчдийн олонх нь шинэ хүмүүс. Нийслэлийг гартаа оруулсан Д.Сумъяабазар өмнөх Засаг даргын болон бусад фракцынхнаа шахжээ. ХАС-ын Ч.Ганхуягийн дүү Ч.Гантулга, Д.Мөнх-Эрдэнэ зэрэг залууст ч тойрог олдсонгүй. Тэд бие дааж сонгуульд өрөслдөх нь тодорхой болоод байгаа билээ. Нийслэлийн сонгуульд тойрог авч чадаагүй Нийслэлийн МАН-ын хорооны бусад гишүүд ямар шийд гаргах, яаж намаа “хорлох” нь одоогоор тодорхойгүй байна.
Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намууд хамтарч оролцохоор бүртгүүлсэн. Харин 45 нэр дэвшигчийн 37 нь Ардчилсан намаас, найм нь МАХН-аас нэр дэвшинэ. Хамгийн сүүлд нэр дэвшигчдээ зарласан энэ эвслийн дотоод асуудал хурцдаж байна. Авууштай нь архаг улстөрч Э.Бат-Үүл, Д.Баттулга нар тойрогтойгоо зууралдсангүй. Ах нарын зангарагтай алхамд талархсан Нийслэлийн АН-ын гишүүд тэднийг ёс төртэй үдсэн аж.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр орон нутгийн сонгуульд АН-тай хамтарч өөрийн хүмүүсийг дэвшүүлэх, хүүгийнхээ замыг засуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулгатай тохирсон гэдэг яриа эвсэл дотроос халилаа. Энэ хардлагыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх болсон Э.Батшугарын томилгоо лавшруулж байна. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Н.Энхбаярын холбогдсон гэмт хэргийг цагаатгах, авилгын хэргээр шалгагдаж буй Ц.Оюунбаатар, төсвийн мөнгөөр хамаатан саднууддаа орон сууц авч өгсөн З.Баянсэлэнгэ нарыг ялгүй үлдээх амлалт өгсөн гэх. Үүний хариуд Н.Энхбаяр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгад том саад болох С.Ганбаатарыг замаас нь зайлуулахаар тохирсон гэж яригдах боллоо.
Хөшигний арын энэ тохироог батлах мэт С.Ганбаатарыг дагаж МАХН-ыг хатавчинд очсон хүмүүст тойрог олдсонгүй. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн чанга өрсөлдөгч байсан С.Ганбаатар өөрийн хүмүүсээр удаах нүүдлээ хийлгэж эхлэсэнийг сүүлийн үеийн явдлууд харуулж байна. С.Ганбаатарын шадар туслах “Ардын заргын товчоон” ТББ-ын тэргүүн, “Хөдөлмөрийн үндэсний сан”-ийн УЗ-ийн дарга С.Зоригтбаатар мөн “Хөдөлмөрийн үндэсний сан”-гийн үүсгэн байгуулагчдын нэг О.Бямбадэлгэр нар төрхөмдөө арга зам хайж эхэлсэн сурагтай.