Нүүр хуудасМэдээ“Натур”-ын замыг Нарны замтай холбоно

“Натур”-ын замыг Нарны замтай холбоно

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний эрчмийг сулруулах зорилгоор орон сууцны дундах орц гарцыг нэмэгдүүлэх, явган хүний зам талбайг хааж нийтийн эзэмшил талбайг дур мэдэн ашигласан байршлуудад өнөөдөр ажиллаж, холбогдох шийдвэрийг гаргалаа.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Энканто” хотхоны урд талбайд дугуйн болон явган хүний зам талбайд автомашины зогсоолыг дур мэдэн сунгасан байна. Энэ асуудлаар тухайн үед нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэл хүргүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг гаргаж өгөх албан шаардлагыг удаа дараа хүргүүлж байжээ.

Дур мэдэн нийтийн эзэмшил талбайд халдаж, газраа сунгасан албан байгууллагад хуулийн хариуцлага хүлээлгэхийг хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан сануулаад, иргэдийн саадгүй зорчих зам талбайг яаралтай гаргахыг нийслэлийн Автозамын хөгжлийн газарт даалгалаа. Мөн албаныхан тус дүүрэгт орших хотхон дундуур замын трасс гаргах боломжтой байршлуудыг явж үзээд, холбогдох албаныхан судалгаа гаргаж танилцуулахаар боллоо.

Баязүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Миний хапермаркет” дэлгүүрийн зүүн талаар автозам гаргаж, Нарны замтай шууд холбох боломжтой байршилд албаныхан ажиллав. Тухайн хэсэгт 12метрийн өргөнтэй, 108 метрийн урттай автозамын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд замын трасст зөвшөөрөлгүй баригдсан сэндвичин барилгыг нурааж газрыг чөлөөлжээ. Тодруулбал, “Шинэ Монгол” сургуулийн хажуугаар өнгөрөх автозам “Миний хапермаркет” дэлгүүрийн зүүн талаар өнгөрч Нарны замтай шууд холбогдох юм. Олны хэлж заншсанаар “Натур”-ын замыг Нарны замтай шууд холбосноор “Нарантуул” ОУХТ-ын уулзварын хөдөлгөөний эрчим 30 хувиар буурах боломжтой аж.

Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан яаралтай автозамыг холбох ажлыг эхлүүлэх үүргийг холбогдох албаныханд өгөөд, хөдөлгөөний эрчмийг бууруулахын тулд шууд холбож болохуйц байршлуудын судалгааг дахин гаргахыг үүрэг болголоо.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН