Нүүр хуудасМэдээНББХ: Сонсголын товыг тогтоож, эмийн чанарын шалгалтын дүнг цаглаварт тусгав

НББХ: Сонсголын товыг тогтоож, эмийн чанарын шалгалтын дүнг цаглаварт тусгав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2023.03.15) хуралдаанаар, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай болон тус байнгын хороогоор 2023 оны гуравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүдийг томилоход нэр дэвшигчийн сонсгол товлон явуулахаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан. Одоо ажиллаж байгаа Үндэсний зөвлөлийн 2017 онд томилогдсон зарим гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа юм. Нэр дэвшигчийн сонсголыг эрхлэх асуудлынхаа хүрээнд холбогдох Байнгын хороо явуулна гэж Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар тогтоосны дагуу Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр явуулахаар товлож, Байнгын хорооны тогтоол гаргахаар боллоо. Тогтоолоор, нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбатыг томилж, мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газарт даалгав.

Дараа нь Нийгмийн бодлогын байнгын хорооны энэ гуравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлын цаглавартай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Идэрбат, С.Одонтуяа, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, С.Чинзориг, Б.Бейсэн нар санал хэлж, Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг залуучууд, ахмад настнууд, бизнес эрхлэгчид зэрэг зорилтот бүлгүүдэд чиглүүлж, тэдний оролцоог ханган, чөлөөтэй, нээлттэйгээр зохион байгуулах, аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг жижиг, дунд бизнесийн зээлд хүртээмжтэй хамруулах, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хурдавчилж, нэн даруй батлан, энэ талаарх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эмийн чанарын асуудлаарх Улсын Их Хурлын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөндсөн юм. Гишүүдийн тавьсан санал бүрд Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин тодорхой хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ долоо хоногт эхэлж буй эмийн чанарын талаарх шалгалтын ажлын тухай мэдээлж, уг шалгалтын дүнг Байнгын хорооны хуралдаанд энэ сарын 28-нд танилцуулах санал гаргалаа. Энэхүү саналыг дэмжиж, Байнгын хороогоор гуравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглаварт тусган, тогтоолыг батлав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН