Нүүр хуудасМэдээНДС-ийн 104.2 тэрбум төгрөгөөс өнөөдрийн байдлаар Капитал банкнаас 7.4 тэрбумыг буцаан авчээ

НДС-ийн 104.2 тэрбум төгрөгөөс өнөөдрийн байдлаар Капитал банкнаас 7.4 тэрбумыг буцаан авчээ

Засгийн газрын мэдээллийн үеэр Капитал банктай холбоотой Нийгмийн даатгалын сангийн 104.2 төгрөгийн авлагыг барагдуулсан эсэх асуудлаар салбарын сайдаас тодрууллаа.

-Капитал банкинд байршуулсан нийгмийн даатгалын сангийн хичнээн төгрөг байсан, хэзээнээс байршуулсан юм бэ? Энэ мөнгөний хойноос явж байна уу, буцааж авахын тулд ямар ажил хийж байна гэдгийг иргэд их асууж байна?

-Нийгмийн даатгалын ерөнхий газар Капитал банктай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулан харилцах болон хадгаламж хэлбэрээр мөнгөн хөрөнгө байршуулж эхэлсэн байдаг. Харин 2016 оноос зарлагын гүйлгээ хийгдэхгүй болсон тул тус оны наймдугаар сараас хойш нэмж мөнгө байршуулалгүй, нийгмийн даатгалын сангийн харилцах данснуудаас хийж байгаа гүйлгээг өдөрт нь хийх, зарлагын гүйлгээ хийх боломжоор хангах, “Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын зарим шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тул “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г цуцлах зэрэг шаардлагуудыг удаа дараа хүргүүлж ажилласан. 

Харин 2019 оны дөрөвдүгээр сард Монголбанкны шийдвэрээр тус банкийг албадан татан буулгасан бөгөөд энэ үед нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөгийн Капитал банканд байршиж байсан.Үүнээс хойш тус авлагыг барагдуулахын тулд АТГ, Монголбанк, Нийслэлийн прокурорын газар, Эрүүгийн цагдаагийн газар, банкны эрх хүлээн авагчтай хамтран ажиллаж, шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, Капитал банкинд байршиж байсан 104.2 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг тус банкны эрх хүлээн авагчтай тооцоо нийлэн баталгаажуулсан. Мөн Захиргааны хэргийн шүүх болон Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөрийн дараалал урагшлуулах, төлбөрийг барагдуулах нэхэмжлэл гаргаж, шүүхээс манай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, шийдвэрлэснээр төлбөр барагдуулах дарааллыг 3 түвшин дээшлүүлж, одоо барагдуулах ажиллагаа явагдаж байна. Тус банкны эрх хүлээн авагч зөвлөлийн гишүүдтэй 30 удаагийн уулзалт хийж, 25 албан бичиг хүргүүлж, холбогдох шаардлагатай мэдээллийг 32 удаа цахим шуудангаар солилцсон.

-Тэгэхээр эхнээсээ авлагыг барагдуулаад эхэлсэн гэсэн үг үү?

-Дээрх дурдсан ажлын үр дүнд эхнээсээ нэхэмжлэлийг барагдуулж, одоогийн байдлаар 7.4 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулаад байна. Одоо банкны эрх хүлээн авагчаас өр төлбөрт санал болгосон үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг газар дээр нь үзэж, судлах, холбогдох эрх бүхий байгууллагуудаар шийдвэр гаргуулах чиглэлээр ажиллаж байна. Энэ банктай холбоотой асуудал хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж байна. 

Өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй. Хэргийг шалгах явцад прокурорын байгууллагаас Капитал банкны эзэмшилд байгаа томоохон хөрөнгүүдийг битүүмжилсэн тул хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа явагдахгүй төлбөр барагдуулалт удаашралтай явагдаж ирсэн. Энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдвэл хөрөнгийг дуудлага худалдаанд оруулан борлуулах ажил явагдаж, авлага барагдуулалт хийгдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН