Нийгмийн даатгалын тухай хууль 1995 оноос хэрэгжиж эхэлснээр ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД-7, НД-8 тайланг нийгмийн даатгалын байгууллагад цаасаар хүргүүлэн баталгаажуулж ирсэн аж.
1995-2005 оны хоорондох өссөн дүнгээр 1.1 сая ажил олгогч, 42.4 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 12.8 сая хуудас тайлан цахимжаагүй, цаасан хэлбэрээр 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хадгалагдаж байжээ.
ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар дээрх тайланг цахимжуулах төсөл боловсруулж, Азийн хөгжлийн банкны “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”-ийн хүрээнд 2019 оны дөрөвдүгээр сараас эхлүүлсэн байна. Цахимжуулах ажлын явц 90 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ оны 10 дугаар сард бүрэн дуусна гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам мэдээлж байна.
Ингэснээр 2020-2024 онд олон төрлийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна.
Тодруулбал, даатгуулагч, иргэнд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагааг цахимаар, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран түргэн шуурхай гаргаж өгөх боломжтой болно. Мөн нийгмийн даатгалын дэвтрийг цахим хэлбэрт шилжүүлэх нөхцөл бүрдэж хуурамч лавлагаа авах, үндэслэлгүй тэтгэвэр тогтоолгох боломжгүй болох ажээ.
Түүнчлэн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөл, материалыг цахимаар хүлээн авч шийдвэрлэх боломж бүрдэнэ. Үүнээс гадна нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтыг зайнаас, цахимаар хийх, ажил олгогчийн санхүүгийн ажилтан, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудын ажлын ачаалал буурах зэрэг олон давуу талтай талаар НХХЯ мэдээллээ.