Энэ жил халиа тошин эрт үүсэж байгаатай холбогдуулан ГУББГ-аас халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 2025 оны 12 дугаар сард нийслэлд гурван байршилд халиа тошин үүсээд байна. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн халианы түвшингийн давтан хэмжилтийн хүрээнд дараах өөрчлөлтүүд бүртгэгдлээ. Үүнд:
- Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, Толгойтын үерийн хамгаалалтын сувагт халианы түвшин 35 см-ээр,
- Баянзүрх дүүргийн 29-р хороо, Сэлбэ голын Их тойруугийн гүүрний хэсэгт халианы түвшин 25 см-ээр тус тус нэмэгдсэн байна.
Ийнхүү халиа тошингийн хэмжээ нэмэгдэж буйтай холбогдуулан халианд өртөх эрсдэлтэй бүсэд оршин суугаа айл өрхүүдийг өөрсдийн аюулгүй байдлыг хангах үүднээс эрсдэлгүй бүсэд нүүн суурьших, болзошгүй халиа тошинд өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.





