Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Л.Алтангэрэл: Үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа явган хүний зам,...

НИЙСЛЭЛ: Л.Алтангэрэл: Үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа явган хүний зам, ногоон байгууламж зэрэг тохижилтыг хийнэ

Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалахын тулд Туул, Улиастай, Сэлбэ, Бэлх голын дагуу 31.68 км үерийн хамгаалалтын далан шинээр барих шаардлагатайг мэргэжлийн байгууллагынхан судалжээ. Энэ хүрээнд 2021 онд “Сэлбэ сэргэлт” төслийн судалгааг эхлүүлж, 2023 онд зураг төслийг батлуулсан. Улаанбаатар хотын үерийн хамгийн өндөр эрсдэлтэй бүс нь БЗД-ийн 43 дугаар хороо, Натур орчим юм. Иймээс “Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн үерийн хамгаалалтын далан барих ажлыг Натур орчмоос эхлүүлсэн гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. Мөн үерийн хамгаалалтын далангийн ажлыг бүрэн дууссаны дараа тохижуулалт хийх юм.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Сэлбэ сэргэлт” төсөл нь Сэлбэ голын дагуу нийт 21.6 километр авто зам, явган хүний зам, үерийн далан, ногоон байгууламж, тохижилтыг агуулсан иж бүрэн төсөл юм. “S’Outlets”-ын байршил буюу үерийн хамгийн өндөр эрсдэлтэй хэсэгт баригдаж буй 1.4 километр үргэлжлэх түшиц ханыг хийж дууссаны дараа тохижилтын ажил хийнэ. Эдгээр ажлууд зураг төсөлд туссан байгаа” гэдгийг хэллээ.

2023 оны 7 дугаар сард болсон үерийн үеэр Сэлбэ голын эрэг дагуу 3.5 метр шороон далан байсан. Харин барьж байгаа далан нь газрынхаа өндрөөс хамааран 4.5 метр хүртэлх төмөр бетон хийцтэй бөгөөд уг ажил ирэх 6 дугаар сарын 30-нд дуусах юм. Далангийн ажлын дараагаар тохижилт, ногоон байгууламж хийнэ.

“Престиж инженеринг” ХХК-ын гүйцэтгэх захирал Ш.Ганзориг “2005 оноос хойш барилгажилт ихэссэнээр Сэлбэ голын голдирол нарийсаж байна. Төслийн зургийг энэхүү хүндхэн нөхцөл байдалд зориулж гаргасан. Сэлбэ гол Дунд голтой нийлж буй уг хэсэг хана, хамгаалалт хийхгүй бол “Буянгийн зам” орчмын орон сууц байнгын усанд автах юм. Тиймээс их хэмжээний усыг өнгөрөөх хамгийн зөв шийдэл бол тэгш өнцөгт огтлолцол учраас өндөр түшиц хана хийж байгаа юм. Зургийн дагуу тохижуулж дуусгаснаар иргэд амарч суух, голын чимээ сонсож суух нөхцөлийг хангасан байхаар төлөвлөлтийг хийсэн” гэлээ.

Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин “Уг төсөл нь Барилга, хот байгуулалтын яамны мэргэжлийн зөвлөл, Инженерүүдийн зөвлөл, Архитекторуудын эвлэл зэрэг олон байгууллагаар батлагдаж, магадлалаар орсон төсөл. Далан байгууламжийн ажил дуусаж тохижилт хийсний дараа энэхүү далан өндөр харагдахгүй. Иргэдийн хүсэж буй тохижилтын ажлыг хийж эхлээгүй байгаа учраас далан нь өндөр харагдаж байгаа юм” гэв.

“Билгүүн Монгол Констракшн” ХХК-ын ахлах инженер И.Сумьяабазар “Манай компанийн хувьд 2024 оны зургаадугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Энэ хугацаанд ямар нэг байдлаар манай зүгээс технологийн алдаа гаргалгүйгээр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна” гэлээ.

Өнгөрсөн 2023 оны долдугаар сарын үерээр Сэлбэ голын усны түвшин хэмжилтээр секундэд 45 шоо метр ус өнгөрүүлсэн. Харин ойрын жилүүдэд үүнтэй харьцуулахад 5-7 дахин их үерийн ус орж ирэх магадлалтай учраас энэхүү түшиц хана бүхий тэгш өнцөгт үерийн байгууламжийг барьж байгааг албаныхан онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН