Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын...

НИЙСЛЭЛ: Наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн хичээлийн шинэ жилтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар 12265 иргэнээс санал авсан. Нийт 7137 иргэн буюу саналд оролцогчдын 58 хувь нь дэмжсэн. Тиймээс наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал буюу нийт 20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно. Харин есдүгээр сарын 1-ний өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно. Энэ талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан, ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу нар өнөөдөр мэдээлэл өглөө. Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Энэ талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан “Сондгой өдрүүдэд сондгой дугаараар төгссөн. Тэгш өдрүүдэд тэгш дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, сондгой тоогоор төгссөн бол наймдугаар сарын 27, 29, 31-нд, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно. Тэгш тоогоор төгссөн бол наймдугаар сарын 28, 30-нд, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно” гэлээ.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Жил жилийн хичээлийн шинэ жилтэй холбогдуулан хөдөлгөөний эрчим нэмэгддэг. Энэ жил бүсчлэл харгалзахгүй дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Иргэд болон гудамж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллагаас анхаарч ажиллана. Авто замтай ойролцоо байрладаг 180 орчим сургуульд цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ. Есдүгээр сарын 1-ний өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно. Иргэд, жолооч нар хичээлийн шинэ жилийн өдрүүдэд сургууль, цэцэрлэг, хотхон, хороолол орчимд хурдаа тохируулж явах, замын хөдөлгөөнийн дүрмээ баримтлах, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг уриалж байна” гэв.

“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Өнгөрсөн хавар сар шинийн баяраар дугаарын хязгаарлалт хийсэн. Нийслэлийн Засаг даргын холбогдох захирамжийн нэгдүгээр хавсралтад зааснаар дараах тээврийн хэрэгсэл тэгш, сондгой зохицуулалтад хамрагдахгүй.

  • Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
  • Оршуулгын үйл ажиллагаанд ашиглаж буй,
  • Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,
  • Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,
  • Нийтийн тээврийн стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
  • Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй.

Мөн энэ сарын 15-ны өдрийн нийслэлийн холбогдох байгууллагуудын хамтарсан тушаалаар шуурхай баг гаргаж, түгжрэлийг зохицуулах чиглэлээр 14 чиглэлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлж, иргэдийг нийтийн тээврээр саадгүй зорчуулах арга хэмжээг авч байна. Зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал их байгаа учраас тухайн чиглэлүүдэд замын хөдөлгөөний дүрмээ мөрдөн, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй зорчихыг иргэд, жолооч нарт уриалж байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН