Улаанбаатар хот руу нэвтрэх хүн, малын халдварт өвчнийг хязгаарлан ариутгаж, нийт иргэдийг болзошгүй өвчнөөс хамгаалах зорилгоор Налайх дүүргийн 5 дугаар хороонд Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж баригдаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан энэхүү байгууламж нь 480.31 м.кв талбай бүхий 18.8м х 24м хэмжээтэй, зоорьгүй нэг давхар барилга юм.
Тус байгууламж нь шалган нэвтрүүлэх барилга, агуулахын барилга, худгийн барилга, малын хашаа, малын саравч, гадна ус хангамж, ариутгал татуурга, цахилгаан хангамж, гадна тохижилтоос бүрдсэн зохион байгуулалттай. Бүтээн байгуулалтын ажлыг “Сутаймандах” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.











