Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: “Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа

НИЙСЛЭЛ: “Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа

“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон “Гэрлэх ёслолын ордон”-той хамтран дөрөв дэх жилдээ “Хайрын амлалт” хуримын ёслолыг зохион байгууллаа. Өнгөрсөн онд тус ёслолын үеэр 46 хос хуримаа хийсэн бол энэ жил 70 хос хуримласан юм. 

Хуримаа хийж буй Б.Үнэнбат, Ж.Бадамханд “Эхнэртэйгээ танилцаж, хамт амьдраад 25 жил болсон. Анх гэр бүл болохдоо л “Гэрлэх ёслолын ордон”-д хуримаа хийнэ гэж амлаж байсан минь биеллээ олж мөнгөн хуримаа хийж буйдаа баяртай байна” гэлээ. 

Хуримаа хийж буй Ч.Батсайхан, Р.Ариунгэрэл “Бид ханилаад 25 жил болохдоо таван сайхан үрийн аав, ээж болсон байна. Гэнэтийн тохиолдлоор хүний амьдралд ганц тохиох баярт мөчийг маань мартагдахааргүй сайхан тэмдэглэж өгч байгаа нийслэлийн удирдлага болоод Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэрлэх ёслолын ордны хамт олонд талархал илэрхийлье. Үлдсэн амьдралдаа мөнхөд хажууд нь өмөг түшиг болж амьдрахаа амлаж байна” гэсэн юм.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ө.Ган-Өлзий “Залуу хосуудад дэмжлэг үзүүлэх, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор нийслэлийн харьяа байгууллага, дүүрэг, хорооны ажилтан, албан хаагч залуу хосуудын судалгаа, мэдээллийг авснаар хосууд өнөөдөр хуримаа хийж байна. Үүний зэрэгцээ уг арга хэмжээнд оролцож байгаа хосуудыг хүүхдээ эерэг, зөв хүмүүжүүлэх, гэр бүл төлөвлөлт болон санхүүгийн боловсрол олгох зэрэг олон талт сургалтуудад хамруулж буй. Мөн гэр бүлд чиглэсэн бодлогын хүрээнд сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгохоор НИТХ-ын тогтоолыг батлуулсан” хэмээлээ.

Ташрамд, НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ныг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх болсон. Манай улс 2003 оноос Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар уг өдрийг тэмдэглэж эхэлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН