Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны ФИДИК гэрээний сургалтад хамрагдлаа

НИЙСЛЭЛ: Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны ФИДИК гэрээний сургалтад хамрагдлаа

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер, мэргэжилтнүүд “Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо /ФИДИК/-ны жишиг гэрээ, түүний онцлог” сэдэвт сургалтад хамрагдлаа. Тус нэгж нь авто замын түгжрэлийг сааруулах бодлогын хүрээнд стратегийн бүтээн байгуулалт, мега төслүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд үүнтэй холбоотойгоор ФИДИК-ээс боловсруулсан олон улсын гэрээний стандарт, түүнийг нутагшуулан хэрэглэхэд анхаарах асуудал, банкны санхүүжилт зэрэг гэрээ хэлэлцээр хийх зэрэг хууль эрхзүйн цогц мэдээлэл авч, туршлага хуваалцав.

Аливаа улс оронд мега төсөл хэрэгжүүлэх явцад орон нутгийн оролцоо, төр болон хөрөнгө оруулагч зэрэг олон талын нөлөөллөөс шалтгаалж тухайн ажил амжилттай хэрэгжих эсэх асуудал хөндөгддөг. Тиймээс стратегийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ олон улсын жишигт нийцсэн, бүх талын нөлөөллийг тооцоолсон, эрсдэлээс хамгаалах гэрээний зөв загварыг сонгосноор бүтээн байгуулалтын төслүүд цаг хугацаандаа, санхүүгийн эрсдэлгүй хэрэгжих боломжтойг “Batbayr and partners” фирмийн удирдах менежер Г.Батбаяр онцоллоо. Үүний хамгийн сонгодог бөгөөд зөв шийдэл нь ФИДИК-ийн жишиг гэрээнүүд болно гэв.

Манай улсад Газрын тос боловсруулах үйлдвэр, Нүүрс баяжуулах үйлдвэр, Улаанбаатар хотын шинэ захиргааны барилга, Төмөр зам, Оюу толгойн цахилгаан станц барих зэрэг мега төслүүдэд ФИДИК-ээс боловсруулсан EPC гэрээг ашиглаж байгаа бөгөөд цаашид тус гэрээний зохицуулалтуудыг нарийвчлан судлах, дотоодын хууль тогтоомжтой нийцүүлэх зэрэг шаардлага бийг сургалтын удирдагч багш нар тодотголоо.

Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо нь барилгын салбарын буюу зам, дэд бүтэц, барилга, усан цахилгаан станц зэрэг барилгажсан ажлыг гүйцэтгэхэд хэрэглэгдэх олон улсын стандарт гэрээний хэлбэрийг тодорхойлдог 100 гаруй орны 1.5 сая инженер, 40.000 орчим зөвлөх компаниудыг нэгтгэсэн байгууллага юм. 1913 онд Бельги улсад зохион байгуулагдсан 59 улс, орны зөвлөх инженерүүд оролцсон “Зөвлөх инженерүүдийн анхдугаар чуулган”-аас Олон Улсын мэргэжлийн холбоо байгуулах санаачилга гаргаснаар Бельги, Франц, Швейцар улсууд хамтран тус холбоог үүсгэн байгуулжээ. Тус холбоо нь бүтээн байгуулалтын салбарт жишиг, стандартыг бий болгох зорилгын хүрээнд нэлээд хэдэн загвар гэрээг боловсруулсан бөгөөд үүний дотроос 8 өнгийн ном буюу 8 жишиг гэрээг дэлхий дахин түгээмэл хэрэглэж байна.

ФИДИК-ын жишиг гэрээг Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Карибын хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллага өөрсдийн санхүүжүүлж байгаа төслүүдэд заавал хэрэглэхийг шаарддаг аж. Манай улс “Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо” /ФИДИК/-нд 2017 онд нэгджээ.

УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН