Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Бид дөрөвдүгээр сарын эхээр анхны уулзалтаа хийж, эхний ээлжийн үүрэг даалгавруудыг өгч, тодорхой санхүүгийн эх үүсвэрүүдийг шийдсэн. Эдгээр ажлын үр дүнг хэлэлцэж, мөн дутуу ажлуудаа гүйцээх асуудлыг өнөөдөр хэлэлцлээ. Улаанбаатар хотод 204 хороо болон есөн дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга нийлээд бүх тулгамдсан асуудлаа харилцан уялдаатай шийддэг, харилцан хяналт тавьдаг менежмент рүү орж байна. Газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээ, эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх гээд бүх асуудлаа хамтдаа шийдэж, ажлаа эрчимжүүлэхийн тулд ажиллаж байна. Хот бол хүнийг төрсөн цагаас нь эхлээд л эмнэлэг, цэцэрлэг, сургууль, ажлын байр, амьдрах орчин гээд бүх төрлийн үйлчилгээ үзүүлж явдаг нэг том байгууллага. Энэ том байгууллагын хүмүүс өөр хоорондоо харилцан уялдаатай ажиллаж байж иргэд аль болох аятай тухтай орчин нөхцөлд амьдарна. Бид бүх шатандаа хариуцлагатай, харилцан уялдаатай ажиллахын тулд уулзалтыг тогтмолжуулна. Засаг дарга нар гудамжиндаа гарч ажиллах ёстой. Иргэдийн санал, хүсэлт, шүүмжийг хүлээж авдаг, шийддэг байх хэрэгтэй.