Хан-Уул дүүргээс нийслэлийн ИТХ-д сонгогдсон зарим төлөөлөгч өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэнг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр дүүргийн удирдлагуудад ирүүлсэн иргэдийн саналыг нэгтгэж, 9 цэцэрлэгийн дээвэр засвар, шугам сүлжээний ажилд 1.3 тэрбум төгрөг, 7 сургуулийн их засварт 947.7 сая төгрөг, 2 эмнэлгийн их засварын ажилд 406 сая төгрөгийг шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгын засвар шинэчлэлтийн ажилд нийт 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах саналыг дэмжив.

Мөн Хан-Уул дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны насжилт өндөртэй гурван орон сууцны гадна фасадыг 945.9 сая төгрөгөөр шинэчлэх юм. Цаашид Нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангаас хуваарилах бүтээн байгуулалтын ажилд иргэдийн саналыг тусгаж хөрөнгө оруулалтын ажлыг уялдуулах талаар уулзалтад оролцсон НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр, А.Амартүвшин, Ж.Энхжаргалан, Г.Батсайхан нар саналаа хэллээ.
