Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын...

НИЙСЛЭЛ: Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргажээ

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийсэн ногоон байгууламж, тохижилт бүтээн байгуулалтын ажил, нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, авто замын осол аваар гарах зэрэг нөхцөлийг бууруулах зорилтын хүрээнд нийслэлийн Засаг даргын 01/6957 дугаар албан бичиг, хотын Ерөнхий менежерийн аравдугаар сарын 29-ний А/161 дүгээр удирдамжийн дагуу нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ хүрээнд холбогдох албаныхнаас мэдээлэл тодрууллаа.

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Отгонбаяр “Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс нийт 214 айлын 8495 малыг нүүлгэсэн. Одоогийн байдлаар 157 айлын 3300 мал нийслэлийн хориглосон бүсэд байна. Мөн давхардсан тоогоор нийслэлийн хориглосон бүсэд 12500 мал орж ирсэн. Нийт 145 иргэнд 145 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор нийслэлийн хориглосон бүс рүү адуу ихээр орж ирж байна. Үүний зэрэгцээ замын арчилгаанд цацагдаж буй давсанд хужирссан мал хотын төв рүү нэвтэрч байна. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархахаас сэргийлж нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа гаргахыг уриалж байна” гэлээ. 

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах явцад шаардлагыг биелүүлэхгүй болон торгууль барагдуулахгүй нөхцөл үүсэж байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутгаар иргэн Д.Баярсайханы эзэмшлийн 40 хэсэг 300 адуу, зуслангийн бүс, Чингэлтэй, Зүрх хайрхан орчмоор О.Гантөмөр өөрийн болон бусдын 20 орчим хэсэг 400 адууг гаргахгүй, шаардлага биелүүлэхгүй байгаа нь хүндрэл учруулж байгааг албаныхан онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН